Булангийн энэ дугаартаа бид Сүүн Шүдхэн шүдний эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал Н.Дөлгөөн эмчийг урилаа. Тэрээр НАС-ын тулгамдсан асуудлын нэг болсон хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад гар бие оролцож 2015 оноос сүүн шүдхэн эмнэлгийн ахлах эмчээр ажиллаж байна.
Өөрийн мэргэшсэн чиглэл, туршлагаас хуваалцаач?
2002 онд Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийг дүүргэж ЭМШУИС-ийн НАС-ын сургуульд элсэж 2007 онд төгссөн. Төгсөөд Туж Смайл шүдний эмнэлэгт ажлын гараагаа эхэлсэн. Мөн ЭМШУИС-ийн НАСС-ийн төгсөлтийн дараах сургалтын төвийн рентгений эмчээр ажилласан ба 2010 оноос хойш МОНОСДЕНТ болон Promed шүдний эмнэлгийн хамтран үүсгэн байгуулагчаар ажиллаж байгаад 2015 оноос сүүн шүдхэн хүүхдийн шүдний эмнэлгийг нээж үйл ажиллагаа явуулж байна.
Таны ажлын байранд баримталдаг зарчим юу вэ?
Миний ажлын байранд баримталдаг гол зарчим зөв харилцаа, үнэнч шударга байдал, эрх тэгш байх юм. Эмнэлэг дээрээ ирээд бүх ажилчидтайгаа мэндэлж миний ажлын өглөө эхэлдэг. Хамт олны сэтгэл санаа ямар байгааг асууж, анхаарал халамж тавих мөн сонсож, сайн зөвлөгч нь байхыг хичээдэг. Энэ нь миний ажлын нэг хэсэг бөгөөд хамт олон маань ч бас хариуцлагатай, бие биенээ сонсож, өндөр үр бүтээмжтэй ажилладаг. Энэ дашрамд хэлэхэд сүүн шүдхэн эмнэлэгийн нэг хэсэг болж, хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхэд гар бие оролцож буй хамт олондоо үргэлж талархаж явдагаа илэрхийлмээр байна.
Хүүхдийн шүдний эмнэлэг нээж ажиллуулах санаа хэрхэн бий болсон бэ?
Төгссөнөөс хойш олон шүдний эмнэлэгт ажилласан. Тэр хугацаанд хүүхдийн шүдийг үзэж, эмчилгээ хийж, эрүүлжүүлэх нь ажлаасаа, мэргэжлээсээ авч байгаа хамгийн сайхан мэдрэмж байсныг ойлгосон. Энэ нь хүүхдийн шүдний эмнэлэг нээн ажиллуулах гол түлхэц болсон. Мөн хүүхдэд хийгдэх эмчилгээний явцад аав ээжүүд эмчтэйгээ хамтран ажиллаж, хариуцлагатайгаар цаг тухайд нь эмчилгээг хийлгүүлснээр үр дүн хурдан гарч, хурдан эдгэрдэг. Ингэж олон гэр бүлд инээд хөөр, аз жаргал авчирдаг нь манай хамт олны ажлын үр дүн, мөн цаашид урамшин илүү эрч хүчтэй ажиллах хөдөлгөгч хүч болдог доо.
Өөрийн хамгийн их ашиглах дуртай багаж хэрэгсэлийг танилцуулаач?
Хүүхдэд эмчилгээ хийх үедээ өрмийн хошуу бага ашиглахыг хичээдэг. Цоорлын хөндийг өрөмдөж цэвэрлэх үед хүүхэд дуу чимээнээс нь айж, өрөмийн хошууг хазах, гараараа амаа дарах, эмчийн гар түлхэх гэх мэт гэнэт хөдөлгөөнүүдийг хийдэг. Энэ нь санаандгүй гэмтэл учруулах эрсдэл бий болгодог. Тийм учраас үзлэгийн үндсэн багажаас эксковаторыг сонгож хэрэглэх дуртай. Хүүхдэд халбага гэж ойлгуулан цоорлын хөндийн үхэжсэн эдийг цэвэрлэхдээ ашигладаг. Экскаваторийн тусламжтайгаар олон хүүхдэд айдас багатай эмчилгээ хийгддэг.
Та эмнэлгийн эмч нартаа ямар шаардлага тавьж ажилладаг вэ?
Хамгийн гол нь ижил мэргэжилтнээ буруутгахгүй байхыг зөвлөдөг. Эмч алдаа гаргасан байхад үйлчлүүлэгчид зөв тайлбарлаад засаж болох гаргалгааг тухайн хүнд маш сайн ойлгуулж байх хэрэгтэй.
Мөн эмчилгээ хийх үедээ үйлчлүүлэгчийн өмнө цаг баримтлах, эмчилгээний стандартаа барьж ажиллахыг шаарддаг.
Танай эмнэлгийн сүүлийн үед хэрэглэж буй багаж технологиуд?
Мэдээж оношилгоо чухал учир Vatech-ийн рентген аппаратууд байна. Гэхдээ бусад эмнэлгээс ялгаатай нь салбар бүр дээр хүүхдийн тоглоомын хэсэгтэй. Кресл бүр дээр хүүхэлдэйн кино үзүүлж, өөр зүйлд сатааруулах зорилготой таблетууд суурилуулсан байдаг. Ханан дээрээ янз бүрийн гэрэлтдэг тоглоом өлгөж, хүүхэлдэйн киноны баатрын зураг байрлуулан аль болох хүүхдэд тав тухтай орчин бүрдүүлэхийг зорьж ажилладаг.
Уруул, хэлний хөвч тайрах мэс ажилбарын үед өвдөлт бага байлгаж цус хурдан тогтоох зорилгоор Америкийн Ultradent компаний Laser хэрэглэдэг. Мөн хурдан хугацаанд чанартай ломбо тавихын тулд гурван секундын Valo Cordless гэрэл ашиглаж байна.
Олон нийтэд зориулж ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
Манай эмнэлэг сар бүр цэцэрлэгүүдтэй хамтарч хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө хийдэг. Мөн өнөр бүл хүүхдийн асрах төвийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг эрүүлжүүлэх хөтөлбөр эхлүүлж гуравдах жилдээ явж байна. Нийт 88 хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлсэн байна. Одоо 6 сар тутамд хяналт хийдэг. Очих бүртээ үзлэг хийж, зөвлөгөө өгөн, шүд угаалт зааж, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна бүх хүүхдүүдэд давтан фторт түрхлэг түрхдэг. Эмнэлгийнхээ зүгээс Facebook хуудсаараа дамжуулан Буянжаргал охинд хандив өргөж, эмчилгээ амжилттай болсноор одоо алхаж чаддаг болсон. Сүүлд Misheel Kids Foundation-тай хамтарч, ид шидийн орны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө хийсэн.
Шүдний эмч гэдэг байнга цагт баригдаж яарч байдаг. Таныхаар цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Ихэвчлэн утасныхаа календар дээр тэмдэглэл хийж, бүх ажлуудаа долоо хоногоор төлөвлөдөг. Сэрүүлэг тавьж өөртөө сануулдаг. Мөн ажлын өдрүүдээр 14цагаас 16:00цагийн хооронд гадуур явах ажлуудаа амжуулахад бага цагт олон ажил зохицуулж амждаг. Хамгийн гол нь цагаа зөв хуваарилаж, тухайн ажлыг ямар үед хийвэл илүү бага цаг зарцуулахыг тооцдог.
Шүдний эмчээр ажиллахын эерэг болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
Өөрийн сонгосон мэргэжил, тийм ч учраас мэргэжилдээ дуртай. Хүүхдүүд ирээд эмчлүүлээд гарахад нэг ч гэсэн хүүхдийн амны хөндий эрүүл болж байна гэж бодохоор өөрийн эрхгүй баярладаг.
Бэрхшээлтэй тал нь ирж үйлчлүүлж буй хүмүүсийн хандлага харилцаа хэцүү байдаг. Хүүхэд хэнээс болоод, яагаад шүд нь цоорчихов, өвдчихөв гэдгийг эмчээс хайж, эмчийг буруутгадаг.
Ер нь хараад байхад аав ээж нар хүүхэддээ тавих анхаарал маш бага болсон байна. Анхаарал тавина гэдэг нь хамтдаа тоглох, хүссэн зүйлийг нь авч өгөх биш юм. Сэтгэл санаа нь ямар байна, биеийн байдал ямар байна, царайны өнгө ямар байна гэдгийг нь анхаарч, ажиглан хүүхэдтэйгээ амьд харилцаа үүсгэх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ сайн сонсогч байх хэрэгтэй. Амьд харилцаа үүсгэснээр хүүхдээ хэрхэн хүмүүжиж, дотор нь юу бодогдож байгааг нь мэдсэнээр хүүхдийг зөв чиглүүлэхээс гадна өөрийг нь илүү сайн ойлгож дэмждэг болно.
Эмнэлгийн зүгээс эмч, сувилагч нараа хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
Эмч сувилагчидаа цаг тухай бүрд нь зохион байгуулагдаж буй хэрэгтэй сургалтад хамруулж 14 хоног тутамд сургалтад хамрагдсан эмч сувилгачид тухайн сургалтаас сурч мэдсэн зүйлээ хичээл болгон бусаддаа заадаг.
Сургалтад суух хүсэлтэй эмч, сувилагчидад эмнэлгийн зүгээс сургалтын төлбөр дээр хөнгөлөлт үзүүлэх, үнэ төлбөргүй суулгах тал дээр дэмжиж ажилладаг. Мөн ахлах зэрэгтэй эмч, багш нарыг урьж сургалт зохион байгуулдаг. Сүүлд мэргэжилийн хяналтын ерөнхий газар ба монголын шүдний холбоо хамтарч зохион байгуулсан амилуулах суурь тусламжийн сургалтад эмч, сувилагчдаа хамруулсан.
Хүн амын дундах шүдний өвчлөл өндөр байгаад ямар байр суурьтай байдаг вэ?
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулмаар байна. 10 жилийн боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн талаархи хичээлийг түлхүү оруулах, тэр дундаа шүд угаалтыг маш сайн заах хэрэгтэй. Энэнд шүдний эмч нарийн оролцоо чухал.
Дээр нь хүүхдийн шүд өвдсөн үед мэргэжилийн бус хүнээс эсвэл интернэт, facebook гэх мэт холбоосуудаар ташаа мэдээлэл авч гэртээ өөрийн дураар эмчлэх, өвчин намдаах гэж оролдох нь өвчнийг бүр хүндрүүлдэг. Эцэг эхчүүд маань ямар ч үед хүүхэддээ шинжилгээ, оношилгоон дээр суурилсан эмчилгээ хийлгэж, эмчийн зааврын дагуу зөв зохистой эм хэрэглэх хэрэгтэй байна.
Шүдний эмч болж буй залуу мэргэжилтнүүдэд хандаж өгөх зөвлөгөө?
Хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах, мөн алсын хараатай байж, зорилгоо тодорхойлсноор хүрэх цэг илүү тод харагддаг учраас аливаад үргэлж тууштай хандаж байгаарай гэж хэлэе.
Дараагийн ярилцлагад манай буланд хэнийг санал болгох вэ?
Dental Art эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал Ганчимэг эмчийн ажлын арга барилтай танилцмаар байна.