Булангийн энэ удаагийн дугаарт бид Нарадент шүдний эмнэлгийн захирал, АУ-ны магистр, клиникийн профессор, спортын дэд мастер Д.Наранчимэг эмчийг урилаа. Тэрбээр мэдлэг, ажил хөдөлмөрийнх нь эх уурхай болсон Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвөөс ажил, амьдралын гараагаа эхлэж, мэс засал, эмчилгээний эмчээр 11 жил ажиллаж байгаад Нарадент шүдний эмнэлгээ үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө 15 жилийн ой нь тохиож байна. Түүнтэй ярьсан ярилцлагаас олон зүйлийг олж ухаарна гэдэгт итгэлтэй байна.
Өөрийн карьерийн түүхээс хуваалцаач?
Дунд сургуульд байхаасаа л шүдний эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан, тэр л мөрөөдөлдөө хөтлөгдөн 1988 онд 10 жилээ төгсөөд анагаахын дээд сургуульд элсэлтийн ерөнхий шалгалт өгч зорилгодоо хүрсэн. Тэгээд хувиараа аваад сурч буй мэргэжилдээ дуртай байсандаа ч тэр үү маш их хичээж суралцдаг байсан. 3-р курсэд байхдаа охиноо төрүүлээд 15хан хоноод л хичээлдээ орж байсан. Шүдний салбарын алтан үеийн мундаг багш нарынхаа шавь нь болсноороо үргэлж бахархаж явдаг.
1994 онд Анагаах Ухааны Их Сургуулийн Шүдний ангийг төгсөж, Шүдний төв /ШЭНЭСТ/-д эмчээр ажилд орсон. Тухайн үед Б. Оюунбат багш Шүдний төвийн захиралаар ажиллаж байсан бөгөөд манай төгсөлтийнхнөөс эмч сонгон шалгаруулж авсан. Тэр өндөр босгоор тэнцэж шүдний төвд эмчээр орсондоо баярлаж явдаг. Тэр үед ШЭНЭСТ маань АУДС-ийн НЭФ-ийн шүдний ангийн сургалтын бааз эмнэлэг байсан болохоор багш нартайгаа дахин хамт ажиллах боломж бүрдсэн. Энэ нь миний хувьд практик дээр их юм сурч мэдэх, хувь хүний хувьд улам хөгжин боловсроход асар их боломж нээгдсэн гэж боддог.
Шүдний төвд эмчээр орох үед ангийн багш, тухайн үеийн эмчилгээний тасгийн эрхлэгч Л. Мөнгөнцэцэг, мэс заслын тасгийн эрхлэгч Л. Давааням багш хоёр маань зэрэгцэж суугаад нэг нь эмчилгээний эмчээр авна, нөгөө нь мэсийн эмчээр авна гээд их гоёор хэлвэл булаацалдаж байсан. Тэр үед багш нарынхаа намайг үнэлдэг юм байна гэсэн итгэл төрсөн. Тэр л итгэлийг алдахгүй сайн эмч болох юмсан гэж өдийг хүртэл хичээж явна даа. Тэгээд Л.Мөнгөнцэцэг багш маань надад “Миний охин өөрийнхөө л сонирхлоор явбал амжилтанд хүрдэг юм шүү өөрөө шийддээ” гэж зөвлөсний дагуу мэс заслын тасагт эмчээр ажиллаж эхэлсэн.
1996 онд жирэмсэн болж, тэр тухайгаа багш нартаа хэлэхэд миний оронд орох эмчийг 6 сар цалингүй дагалдуулж байж эмч болгосон. Их л өндөр шалгуураар эмч авдаг байсан байгаа юм шүү. Тэгээд декритээ аваад гэртээ сууж байх үед Мөнгөө багш “Миний охин хүүхэд харах хүн байгаа бол ажилдаа эргээд орсон нь дээр, удаан гэртээ суухаар тархи гашлаж, гар зэвэрдэг юм, ажилдаа орсон нь дээр шүү” гэж хэлсэн. Тэгээд хүүгээ таван сартай байхад нь эргээд ажилдаа орсон. Ар талыг минь хариуцаж санаа зовохгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн аав, ээж, хань , эгч дүү нартаа үргэлж талархаж явдаг. Ингээд ажилдаа орох болоход мэс заслын тасагт эргээд орно гэхээр надад орон тоо байхгүй байсан тул эмчилгээний тасагт эмчээр эргэж ажиллаж эхэлсэн. 1996 оноос 2005 он хүртэл эмчилгээний эмчээр ажилласан, тэр хугацаанд мэс заслын тасагт эмч байхгүй үед нь очиж мэсийн эмч хийдэг яг л хоёр нутагтан шиг ажилладаг байсан. Шүдний төвд эмч нар нэг мэргэжилээрээ л дагнаж ажилладаг байсан бол над шиг хоёр мэргэжилийг хослуулан ажиллаж байсан хүн байхгүй л гэж боддог. Энэ бүхэн маань мундаг багш нарыг дагаж суралцсаны үр дүн, багш нартаа үнэхээр их баярлаж талархаж явдаг.
Эмнэлгийн түүхээс хуваалцаач?
Эмнэлэг маань бас гоё түүхтэй. Манай нөхөр бид хоёрын 10 жилийн найзын хүүхдийнх нь шүд өвдөөд, олон эмнэлэг дээр очлоо, хүү маань ерөөсөө үзүүлэхгүй уйлаад байна гээд надад ирж үзүүлсэн. Тухайн үед хүүхдийг нь аргадаж үзээд л явуулсан. Харин орой нь найз маань залгаад манайд хүрээд ир гэлээ. Яваад очтол намайг хувийн эмнэлэг байгуул, та хоёр төсөвөө бичээд ирээ, найз нь туслая гэсэн. Шүдний төвд байхдаа судалгааны ажил их хийдэг байсан учраас янз бүрийн материалуудаас харж байгаад хамгийн их хүн амтай, өндөр шүдний өвчлөлтэй мөртлөө хамгийн бага шүдний эмнэлэгтэй нь Баянзүрх дүүрэг байсан тул нийгмийн эрүүл мэндийн төлөө энэ дүүргийг сонгож эмнэлэг байгуулж байлаа. Тэгээд Зүүн 4 замд байршилтай найзынхаа авч өгсөн 1 давхрын 3 өрөө байранд шүдний эмнэлгээ анх байгуулсан.
Тухайн үед хувийн шүдний эмнэлэг цөөн байсан. Аль болох зөв шийдэлтэй орчин үеийн эмнэлэг байгуулах гэж бүх зүйлээ их бодож төлөвлөж хичээж хийж байлаа. Мөн шүдний эмнэлэг байгуулах гэж буй хүмүүс манай эмнэлэг дээр туршлага судлах гэж ирцгээдэг байсан.
Арван жилийнхээ ойгоор эмнэлгээ өргөжүүлэх зорилго тавин ажиллаж, 11дэх жил дээрээ одоогийн энэ эмнэлгээ байгуулсан. Тухайн үед найз минь туслаагүй бол одоо ингээд эмнэлэг байгуулаагүй байх ч байсан юм билүү. Тиймээс тэр хүний тарьсан сайхан сэтгэлийн үрийг дандаа услаж өнгөтэй өөдтэй явуулах юмсан, үлдээсэн үрийг нь илүү үржүүлж өсгөх юмсан гэж бодож явсаар өдий хэмжээнд хүрчээ.
Танай эмнэлгийн бусад эмнэлгээс ялгарах онцлог?
Манай эмнэлгийн онцлог бол гэр бүлийн эмнэлэг. Гэр бүлийн бүх хүмүүсийг эрүүлжүүлэх зорилготой. Тэр утгаараа 2 настай хүүхдээс 80 настай буурал хүртэл үзүүлдэг. Тиймээс энэ тал дээр эмч нар маань чадварлаг, туршлагатай хамт олон.
Мөн үйлчлүүлэгч бүрт орж ирэхэд нь дулаахан, тав тухтай, гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх тайван орчинг нь бүрдүүлж өгөхийг хичээдэг. Ийм орчинг бүрдүүлснээр хүний айдсыг бууруулах сайн талтай. Бас нэг онцлог тал маань үйлчлүүлэгчиддээ нүүр амны тусламж, эмчилгээ, үйлчилгээг цогцоор нь хүргэхийг хичээж, рентген, физик эмчилгээ, эмийн сан зэргийг нэг дор бүрдүүлэн ажиллаж байна. Ер нь яаж сайн үйлчилгээ үзүүлж, сайн эмчилгээ хийх вэ гэж үргэлж бодож ажилладаг.
Ямар зарчим баримталж ажилладаг вэ?
Эмч, ажилчиддаа аливаа юманд хандлага, сэтгэлийг нэг номерт тавьж ажиллах шаардлага тавьдаг. Эмнэлэгт ажилтан шалгаруулж авахад тэр хүний хандлагыг, сэтгэлийг нь авч хүн болгохыг хичээдэг. Дараагаар тэр хүнд мэдлэгийг нь дээшлүүлж, мэргэшүүлж, ур чадвартай эмч болоход нь тусладаг. Хичнээн мэдлэгтэй, диплом дүүрэн онц дүн байлаа гээд хүнийг хайрлах, сонсох, хүндлэх сэтгэл байхгүй бол хэзээ ч эмч болж чадахгүй.
Таны авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
1994 онд эмч болоод байхад шүдний төвийн ҮЭ-ийн хороо шинээр байгуулагдах хурал болоод тэнд хорооны даргад нэр дэвшсэн. Тэр үед Оюунбат багш минь “Залуу хүнд чадахгүй гэх юм байх ёсгүй, чи чадна” гэж дөнгөж эмч болж буй надад хэлж, надад ҮЭХ-ны даргын ажлыг хариуцуулж өгч, түүнээс хойш 5 жил алба хашсан.. Тэр зөвлөгөө өөрийгөө чадах чадахгүйгээ мэдэхгүй тийм ч итгэлтэй байгаагүй надад маш том түлхэц болсон.
Өөрийн хамгийн их ашиглах дуртай багаж хэрэгсэлийг танилцуулаач?
Миний хамгийн ашиглах дуртай зүйл бол X-ray рентген аппарат. Рентген зураггүйгээр ямар ч оношлогоо, эмчилгээ хийхгүй. Эмчилгээний өмнөх дараа бүгд ренгтгенээр оношлогддог тул хамгийн их ашиглах дуртай нь.
Дараагийн хамгийн ашиглах дуртай зүйл маань завсрын матриц. Хичнээн 1-р ангиллын цоорол байсан ч 2, 3-р ангиллын цооролтой хавсардаг тул шүдэн дээр ломбо тавих үедээ зайлшгүй матриц хэрэглэдэг. Энэ 2 зүйлсийг эмч хүний зайлшгүй эзэмшиж, хэрэглэж дадах ёстой өдөр тутмын хэрэгсэл гэж боддог.
Танай эмнэлгийн сүүлийн үед хэрэглэж буй багаж технологиуд?
Сүүлийн үед манай салбарынхан өндөр үнэтэй тоног, төхөөрөмжид их ач холбогдол өгдөг болжээ. Уг нь бол бидний ажлыг хөнгөвчлөх зорилготой хийгдсэн зүйл шүү дээ. Харин гардаж хийх үйлдлийг эмч, хүн л хийдэг. Оношлогоо, эмчилгээнд зайлшгүй шаардагдах багаж, хэрэгслэл, аппарат, тоног төхөөрөмжүүд байлгүй яахав. Хамгийн сүүлд манайх ХБНГУ-д үйлдвэрлэсэн ministar гажиг, согог заслын,хавиралтын эсрэг, спортын шүдний хамгаалалт хийдэг аппарат, БНСУ-ын суваг угаагч ультрасоник, цоорол тодорхойлогчтой гэрлийн аппарат, ломбо хэлбэржүүлэгч зэрэг зайлшгүй хэрэглэгдэх багаж хэрэгслийг авч ашиглаж байгаа. Айхтар үнэтэй шинэ технологи, тоног төхөөрөмж авахыг чухалчилдаггүй. Хэт өндөр үнэтэй тоног төхөөрөмж авч хэрэглэснээр эмчилгээний үнэ өндөр болно. Түүний оронд эмч нарынхаа ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө мөнгөө зарцуулах нь эмчилгээний үр дүнд эерэг нөлөөлнө гэж үздэг.
Олон нийтэд зориулж ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
Манай эмнэлгийн үндсэн үйл ажиллагааны маань нэгэнд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийгддэг ажлууд ордог. Анх 2006 онд Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 2-18 насны өнчин хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх төсөл дээр шалгарч 1 жилийн гэрээ байгуулан ажилласан. Гэрээний гүйцэтгэл үр дүнтэй байсан гэж үзэж дахин нэг жилээр гэрээг сунгаж хамтарч ажилласан. Түүнээс хойш зорилтот бүлгээ тодорхойлж олон нийтэд зориулсан үйл ажиллагаа идэвхитэй хийх болсон.
2008 оноос одоог хүртэл Дауны холбоо , Тархины саажилтай хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Аутизмын холбоотой хамтарч ажиллаж байна. Хүүхдүүдээ жилд дор хаяж 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулж, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Мөн Mайдент шүдний эмнэлэгтэй хамтарч захын хорооллын хүүхдийн хөгжлийн төвийн амжиргааны түвшин доогуур,хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд, 2 жил дараалан Батсүмбэрийн ахмад настны төвд очиж үзлэг хийж, зөвлөгөө өгч байсан.
1995 онд АУИС төгсөгчид санаачлан тархины хавдартай курсынхээ эмчийн эмчилгээний хандивт зориулж Дижитал дентал оффис эмнэлгийнхэнтэйгээ хамт Хэнтий аймагт очиж үзлэг хийж байлаа. Өөрсдийн санаачлага, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгүүд дээр очиж урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо олон хийдэг.
Цаг төлөвлөлтөө хэрхэн хийдэг вэ?
Байнга бичиж тэмдэглэдэг. Цагаар, өдрөөр, сараар төлөвлөнө. Тэгээд бичиж тэмдэглэснийхээ дараагаар хэдэн цагаас хэнтэй уулзах, ямар ажил хэдэн цагт төлөвлөсөн гээд бүх зүйлээ харж товлосон цагтаа бүгдийг амжуулж, ямар ч ажлыг хийх цагт нь хийж дуусгахыг эрмэлздэг.
Шүдний эмчээр ажиллах эерэг болон бэрхшээлтэй тал?
Би өөрөө хүсэж мөрөөдөж орсон салбар учир мэргэжилдээ хайртай. Эмчилгээний үр дүн шууд харагддаг нь бидний мэргэжлийн онцлог сайхан тал нь, үйлчлүүлэгчдийн хувьд ч бас эрүүлжээд, баярласан талархснаа илэрхийлэх нь бидний ажлын хамгийн жаргалтай үе нь юм болов уу даа л гэж бодогддог.
Нөгөө талаас нь харвал хэцүү, нарийн мэргэжил. Бага орон зайд нарийн бичил зүйлийг харж ажилласнаар нүдний хараа муудах, байнгын суугаа байдалд хөдөлгөөнгүй олон цагаар суух нь бөөр, нурууны өвчлөл үүсэх, халдвар авах зэрэг эрсдэлтэй.
Та хэр их уншдаг вэ?
Ер нь цаг зав гарвал уших дуртай. Дейвид Жозеф Шварц-ын бичсэн Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг гэх номыг саяхан уншиж дуусгалаа. Хүн хэрхэн зөв амьдрах, өөрийгөө хэрхэн хайрлах талаар өгүүлсэн гоё ном байлаа.
Хамрагдаж буй сургалт…?
Ер нь эмч хүн насан туршдаа л суралцаж байх ёстой. Мэргэжлийн сургалтанд байнга хамрагддаг. Хамгийн сүүлд эмнэлгийнхээ менежментийг сайжруулах зорилгоор Монгол-Японы төв дээр зохиогддог “Япон менежмент, бизнесийн үндсэн сургалт” гэсэн сэдвээр 2 сарын сургалтад хамрагдлаа. Менежер юу хийдэг, маркетинг хэрхэн хийдэг талаар япон багш нар ирж заадаг сонирхолтой, үр дүнтэй сургалт байлаа. Залуучууд бас сонирхмоор санагдсан.
Стрессээ хэрхэн тайлж, юунаас эрч хүч авдаг вэ?
Хүүхэд байхаасаа л спортоор хичээллэж, сагс тоглож өссөн. Боломж л гарвал зааланд тоглодог. Нөхөр маань воллейболын спортын мастер, би өөрөө сагсан бөмбөгийн спортын дэд мастер цолтой, хүү маань сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй анагаахын шигшээд тоглож байлаа. Манай эмнэлгийн хамт олон ч бас спортлог. Спорт хүнийг хүмүүжүүлж, хатуужуулж, үг сонсож сурахаас гадна багаар ажиллах чадвартай, бусдын төлөө гэх сэтгэлтэй болгодог. Мөн ууланд алхах, аялах, бүжиглэх дуртай. Эдгээр зүйлүүдийг хийж байхад стресс тайлагдаж амардаг. Улаанбаатар Скай Ротари клубын үүсгэн байгуулагч гишүүн. Үргэлж намайг дэмжиж, түшиж тулж, урам зориг хайрлаж байдаг маш олон сайхан найзуудтай. Тэднээсээ эрч хүч, урам зориг авч амьдардаг.
Хүн амын дундах шүдний өвчлөл өндөр байгаад ямар байр суурьтай байдаг вэ?
Энэ бол шүдний эмч бидний шүдний өвчин болчихсон асуудал. Миний бодож байгаагаар хамгийн түрүүнд ард иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол олгох асуудалд анхаарах хэрэгтэй. Сургуулийн өмнөх наснаас эхлээд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нь эрүүл мэнд, тэр дундаа шүдий өвчлөлийн талаар хичээл оруулах ёстой гэж боддог. Мөн өрхийн эмнэлгүүдээр дамжуулан жирэмсэн эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зайлшгүй шаардлага байна.
Дараагийн нэг зүйл нь одоогоор улсын ганцхан шүдний эмнэлэг даатгалаар үзэж байна. Маш их ачаалалтай ажиллаж байна. Яагаад энэ ачааллыг бууруулах зорилгоор шүдний өвчлөлийг эрүүл мэндийн даатгалд хамруулаад хувийн эмнэлэгүүдэд адилхан хариуцлага үүрүүлээд явуулж болдоггүй юм болдоо гэж бодож явдаг. Гэхдээ үнэхээр ийм зүйл хэрэгжвэл мэдээж хувийн эмнэлгүүдэд тавигдах шаардлага өндөр байх хэрэгтэй.
Шүдний эмч болж буй залуу мэргэжилтнүүдэд хандаж өгөх зөвлөгөө?
Дуртай зүйлээ л хий, хэрвээ чи өөрөө дургүй байгаад эмч болвол чиний гараас юу ч гарахгүй, зүрх сэтгэлд чинь ерөөсөө тийм зүйл буухгүй. Амжилтад хүрнэ гэдэг хэцүү. Хэрвээ эмч болохоор шийдээд эмчээр сурж байгаа бол сайн сэтгэл зүйч байгаарай. Ирж буй үйлчлүүлэгч болгонтой ярилцдаг мэргэжил шүү дээ. Тэгээд өөрийн гэсэн зорилготой, түүнийхээ төлөө тэмүүлж хөдөлмөрлөөрэй. Ийм нэг сайхан үг байдаг “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” гэж. Энэ үгийг амьдралдаа мөрдлөг болгож явдаг. Эцсийн бүлэгт чамаас л бүх зүйл шалтгаална.
Дараагийн ярилцлагад манай буланд хэнийг санал болгох вэ?
Хойч үедээ, залуучууддаа, бусад эмнэлэгүүдэд сургамж болгон сонсгоосой гэсэн үүднээс Энэрэлдент шүдний эмнэлгийн захирал Ичинхорлоо эмчийг санал болгож байна.
Энэ дашрамд хэлэхэд манай эмнэлгийн 15 жилийн ойн баяр болж байгаа яг энэ үеэр намайг энэхүү ярилцлагын буланд урьж оролцуулсанд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Нарадент эмнэлгийн 15 жилийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн мундаг чадварлаг оюунлаг эмч нартаа, эмчилгээний явцад хажууд дэмжиж тусладаг сувилагч туслахууддаа, бид бүхнийгээ, үйлчлүүлэгчидээ тав тухтай цэвэрхэн орчинд ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг асрагч үйлчлэгч нартаа, дэмжиж, туслаж байдаг гэр бүлийнхэндээ, манай эмнэлгийг зорин ирдэг үнэнч үйлчлүүлэгчиддээ ойн баярын мэнд өргөн дэвшүүлье. Энэрэнгүй чадварлаг хүмүүнлэг сэтгэл зүрхтэй хамт олноороо үргэлж бахархаж, баярлаж явдгаа илэрхийлье.