2019 оны сүүлчийн дугаар буюу энэхүү булангийн хүндэт зочноор бид АУ-ны доктор, профессор Б. Амарсайханыг урилаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт ажиллаж эхлээд 29дэх жил нь тохиож буй бөгөөд АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
Энэ удаа уншигчиддаа шинэ содон зүйл хүргэх үүднээс илүү өргөн хүрээг хамруулж ярилцсан ба ярилцлагыг сонсох боломжтой audio хэлбэрээр подкаст болгон оруулсан байгаа. Мөн энэ ярилцлага цог золбоогоор дүүрэн гэрэлтэж яваа залуусд, мөрөөдлөө биелүүлэх зорьсондоо хүрэх зөв замаа хайж байгаа хүмүүст багагүй тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүнийг хувь хүн талаас нь илүү нээж, дотор сэтгэлдээ юуг мөрөөдөж явдаг, тэрхүү мөрөөдлүүд биелэлээ олох хүртэл ямар замналыг туулсан талаар өрнүүлсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.
Таны энэ салбарт оруулсан хувь нэмэр болон өөрийн амьдралын түүхээс хуваалцаач?
Энэ салбарт ажиллаад 29 жил болж байна. Зарим хүнд сонсоход урт хугацаа юм шиг мөртлөө одоо бодоход цаг хугацаа маш хурдан өнгөрчээ.
1985-1991 онд Бүгд Найрамдах Куба улсын Гавана хотод анагаах ухааны их сургуулийг шүдний эмчээр суралцан төгсөж ирээд Анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын тэнхимд багшаар орж ажилласан. Анх намайг багшаар авсан эрхэм хүн бол тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, Х. Цолмон багш байсан.Тэгээд 1994 онд “Эвада” Монгол-Солонгосын хамтарсан шүдний эмнэлгийг байгуулсан. 1997-2002 оны хооронд Токиогийн Анагаахын болон Шүдний их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2003 оноос Mагистр, докторантурын албаны дарга 2004 оноос Нүүр ам судлалын сургуулийн захирлаар 10 гаран жил ажилласан. 2013 оноос өнөөг хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
Магистр, докторантурын албаны дарга байхдаа монголд анх удаа Mongolian Journal Of Health Science эрдэм шинжилгээний сэтгүүлийг англи хэл дээр гаргасан. Дараа нь Central Asian Journal Of Medical Science гэдэг сэтгүүлийг бий болгож эдгээр нь Монголын судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг олон улсын жишигт хүргэхэд хувь нэмэр оруулж байгаа.
1991 онд төгсөж ирэхэд миний сурсан тогтолцоо, сурч байсан орчин нөхцөл, сурах бичиг бол бидний ярьдгаар барууны тогтолцоон дээр суурилсан байсан. Харин манай тогтолцоо хуучны буюу оросын сурах бичигтэй орос арга барилаар явж байсан. Мэдээж бид ардчилсан нийгэмд шилжиж байсан учир хүссэн хүсээгүй шүдний салбар тэрийгээ дагаад өөрчлөгдөж эхэлсэн. Тэр үеэс салбараа өөрчлөе гэсэн том зорилго өөртөө тавьж эхэлсэн гэж боддог. Магадгүй хүмүүстэй санаа бодол нийлэхгүй олон зүйлүүд байсан ч хүн хүнээ хурцлана гэдэг шиг үе үеийн ахмадууд, тэр үеийн өөр үзэл бодолтой хүмүүс намайг хурцалж байсан учир миний үзэл бодол тогтож ирсэн болов уу. 1997-2002 онд дэлхийн шүдний чиглэлийн шилдэг 5 их сургуулийн нэг болох Токиогийн сургуульд сурах боломж тохиогоод сурч байхдаа “би ч яахав олон сайхан юм үзээд явж байна, яаж энэ салбараа өөрчилж, хөгжүүлэх вэ” гэсэн бодол байнга төрдөг байсан учраас очсон цагаасаа эхлээд улс орноо хөгжүүлэх, салбартаа хувь нэмэр оруулах зэрэг олон ажлуудыг эхлүүлсэн. Сурч байх хугацаандаа НАСС-ын сургуулийн багш , эмч 30 гаруй хүнийг Японд сургасан байлаа.
Би ганцаараа нүд тайлаад улс орон хөгжихгүй гэсэн бодолтой байсан. 2004 онд НАСС-ын сургуулийн захирал болоод НАСС-ын их сургуулийн эмнэлгийг байгуулна гэсэн том зорилго өмнөө тавьсан. Миний үлгэрлэн дуурайдаг Солонгосын шүдний салбарын эмч, бидний загалмайлсан эцэг гэж ярьдаг Жи багш маань надад өөрийнхөө туулсан зам, олон зүйлүүдээс ярьж хуваалцдаг байлаа. Би НАСС-ийн захирал болоход АШУҮИС-ийн төв байрны өргөтгөлийн 2 давхрын 5, 6 өрөөнд Жи багшийн байгуулж өгсөн Нүүр ам судлалын сургууль байрлаж, түүний бэлэглэсэн хэдэн машинтай үйл ажиллагаа, сургалт явуулдаг байсан. Тэгээд 2010 оны 3 сарын 8 ны өдөр онцгой учрал болж тэр үеийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн захирал байсан Ц. Лхагвасүрэн надад энд нэг хоосон, баригдаад хаягдсан байр байна, чамд л өгье, чи л энийг босгож чадна гээд надад даалгасан. Очоод хартал 32-р тойргийн тэнд 70%-ийн гүйцэтгэлтэй хаячихсан барилга байсан. Энд тэндээс санхүүжилт асууж нилээн явсан, Эрүүл мэндийн яам дэмжихгүй гэлээ, Их хурлын гишүүдтэй уулзсан бас боломжгүй гэлээ. Сүүлдээ Солонгосын бизнесмэн хүртэл бид та нарт хэдэн сая долларын зээл аваад өгье, та нар сайхан сургуультай болчих гэсэн. Солонгосчуудтай нийлж зээл аваад Монголыг шүдний сургуультай болгож өгсөн гэдэг ойлголт төрүүлэхийг хүсээгүй учир татгалзсан. Ямартай ч надад итгэл үнэмшил, итгэлт хамт олон байсан учраас 500 хоногийн дараа 2011оны 9 сарын 23нд гэхэд Монголд анх удаа их сургуулийн эмнэлэг бүхий шүдний сургуулийн өөрийн шинэ байраа нээсэн. Тэр хугацаанд бид хамтдаа бол бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэдгийг энэ үед илүү ойлгосон. Шүдний сургууль босоход миний итгэлт гадны олон найз, НАСС-ийн оюутнууд, монголын шүдний эмч нар бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ тусалсан. Тэгээд л мөрөөдөл биеллээ олсон доо. Бид ингэж Монгол улсын эрүүл мэндийн салбарын тулгуур шинэчлэлийг эхэлсэн гэж боддог. Аль ч улсын анагаахын их сургууль нь хажуудаа эмнэлэггүйгээр хөгжсөн түүх байдаггүй.
Одоо харахад энэ бол монголын эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт авчрах том мөрөөдлийн эхлэл байжээ. 2011 он гэхэд НАССургууль Азид хэдийнээ хүлээн зөвшөөрөгддөг төдийгүй Япон, Солонгосын бараг ихэнх НАС Сургуулиудтай холбоотой, болсон байсан. Дараа нсургууль маань өргөжин тэлж, Г.Ариунтуул захирлын үед АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын дэмжлэгтэйгээр НАС-ын сургууль маань өргөжин тэлсэн, оюутны сургалтын бааз жигдэрч ирсэн.
Анагаахын сургууль өөрийн гэсэн эмнэлэггүй учраас бид нар чанартай, чадвартай мэдлэгтэй эмч нарыг гаргаж чадахгүй алдаа гарах нөхцөл үүсч байгаагаас гадна монголчууд жилдээ 50-60 мянган монголчууд гадаад улс оронд эмчлүүлэхээр явж албан бус байдлаар 200-450 сая доллар гадагшаа урсдаг тооцоо бий. Би Куба, Япон зэрэг орнуудад сурч байх үедээ их сургуулийн эмнэлэгийн тогтолцоог зайлшгүй бий болгох ёстой юм байна гэдгийг мах цусандаа мэдэрсэн бөгөөд 2011 онд Японы Их Хурлын гишүүд, Гадаад Явдлын Яамны сайд Сэйжи Маэяхара нартай уулзаж монголд их сургуулийн эмнэлэг байгуулаад өгөөч гээд дэмжлэг хүсч байв. 2013 онд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Г.Батбаатар болон миний бие дэд захирал болох тэр үед Японы Засгийн Газар Монгол улсад эмнэлэг байгуулж өгөхөөр түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү Япон-Монголын сургалтын эмнэлэг маань 2019 оны 6 сарын 18нд ашиглалтанд орж Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Гадаад Явдлын Яамны сайд Коно Таро нар хүрэлцэн ирж нээлээ. Эмнэлэгийн нийт өртөг нь 80 сая доллар бөгөөд Японы ард түмнээс Монголын ард түмэнд бэлэглэсэн хамгийн том зүйлүүдийн нэг.
2010 оноос 2012 оны хооронд Азийн Нүүр Амны Урьдчилан Сэргийлэх Академийн Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд энэ хугацаанд Монголд Азийн Нүүр Ам Судлалын Урьдчилан Сэргийлэх Академийн 10 дугаар их хурлыг зохион байгуулсан. Монголоос 440, гадаадын 29 гаруй улсын 300 гаруй төлөөлөгч ирээд нүүр амны өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн асуудлаар ярилцсан. 2017 онд Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэлтэй уулзаж амны хөндийн асуудлаар ярилцан, бид бүгд 2019 оны 4 сарын 23-ны өдөр Монгол улсын хэмжээнд “Эрүүл Хүүхэд- Эрүүл Шүд” аяныг албан ёсоор эхлүүлсэн. 12 сарын 24-ны өдөр 93000 хүүхдийг бид эмчилж, эрүүлжүүлсэн байна. Энэ аянд хамтарч ажилласан нийт улсын болон хувийн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү 2019 он бол миний хувьд мөрөөдлүүд биеллээ олсон онцгой жил байлаа.
Ажлын арга барил, баримталдаг зарчим тань юу вэ?
Миний ажил дээр баримталдаг зарчим гэвэл Чингис хааны хэлсэн үг байдаг.Хаан хүн арслан шиг бол бар шиг ноён дагаж, бар шиг ноёныг ирвэс шиг түшмэл дагана.Хаан хүн өөрөө ирвэс шиг байвал чоно шиг ноён дагаж, үнэг шиг түшмэл дагана. Удирдагч хүн арслан шиг байх ёстой. Тогтуун, тайван, зоригтой, шийдэмгий, хурдтай байх ёстой.
Тэрнээс гадна өөр бас нэг сайхан үг байдаг.Нэг зантай эр хүнийг эр хүн гэлгүй эрдэнэ гэе, хоёр зантай эр хүнийг эр хүн гэлгүй эм хүн гэе, нэг зантай эм хүнийг эм хүн гэлгүй эр хүн гэе, хоёр зантай эм хүнийг эм хэн гэлгүй албин гэе. Миний зарчим ерөөсөө л энэ. Муухан эр хүнээс хүчтэй эм хүмүүс миний багт байсан. Олон Улсын Эрүүл Мэндийн Их Сургуулийн Профессор Г.Ариунтуул, Профессор Б.Оюунбат, НАСС-ийн Эмнэлгийн дарга М.Соёлмаа, НАСЗ-ын Тэнхимийн Эрхлэгч Б.Отгонбаяр, Ч.Хулан зэрэг хүчирхэг эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан. Хүний сайныг ханилан байж мэднэ гэж монголын сайхан үг бий. Миний амьдралдаа сурсан зарчим үнэнч, тууштай байж алсыг харах явдал.
АШУҮИС-ийн Бодлого хариуцсан дэд захирлын хувьд сургуулиа Ази Номхон Далайн Баруун бүсийн шилдэг 100 сургуулийн нэг болгоно гэдэг алсын харааг тавин, хөгжлийн бодлого боловсруулан ажиллаж байна.
Эртний нэг сайхан номонд алсын хараагүй ард түмэн мөхдөг гэсэн байдаг. Мөн Чингис хааны хэлсэн алсын хараа үгүй бол ойрын зовлон их гэсэн үг бий. Ер нь аливаа улс орныг анзаараад байхад том алсын хараатай зорилготой байвал хөгждөг юм байна. Нэгэн цагт бид дэлхийн талыг эзэлж 675000 хан хүн амтай мөртлөө оюун ухаан, сүр хүчээрээ дэлхийн хамгийн агуу гүрэн болсон байдаг. Сайхан цаг эргэн айсуй.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж юунаас стрессээ тайлдаг вэ?
Түүхийн талаар уншиж, судалдаг. Түүхээ мэдэхгүй хүн тэнэглэлээ давтдаг. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд монголчууд V-XIV зууны эцэс хүртэл христийн несторийн шашны итгэл үнэмшилтэй байсан ба Бурханыг мөнх тэнгэр гэж шүтдэг байсан.
Мөн би намуухан тайван орчинд сонгодог хөгжим сонсох дуртай.Энэ нь стресс тайлж, амьдралын утга учрыг мэдрүүлдэг. Бетховен 9 дүгээр симфонио дүлий байхдаа бичсэн. Тэрээр хэлэхдээ “Чи миний хөгжмийн гүнд орвол дэлхийн ертөнцийн муу муухайгаас холдож Бурханы оршихуйд орно” гэсэн.
Хэр их уншдаг вэ, сүүлд уншсан ном зохиолоосоо танилцуулаач?
Сүүлийн хэдэн долоо хоногт хориод ном уншлаа. Шинэ соргог түүхийн номнуудаас авч шимтэн сонирхлоо. Дээрээс нь эрдэм шинжилгээний өгүүллүүд нилээн уншиж байна. Монголын түүхтэй холбоотой, түүхийн эх сурвалжууд маш олон зүйл гарч ирдэг.
Таны авч байсан хамгийн сайн зөвлөгөө гэвэл?
Зөвлөгөө гэхээс илүүтэй бодож явдаг нэг зүйл бол “Чи дэлхийг өөрчлөх гээд яахав өөрөө өөрийгөө өөрчил, тэгвэл дэлхий нэг тэнэгээр цөөрнө” гэсэн үг. Тэр утгаараа үргэлж өөрийгөө хөгжүүлж, сайжруулж, шинэ зүйлсийг эрэлхийлж явдаг.
Хүн амын дундах шүдний өвчлөл өндөр байгаад ямар байр суурьтай байдаг вэ? Хэрхэн өөрчлөх хэрэгтэй гэж боддог вэ?
Би сургуулийн дэд захирлаас гадна ЭМЯ-ны шүдний ерөнхий мэргэжилтэн бөгөөд мэргэжлийн зөвлөлийн дарга. Монгол Улс шүдний өвчлөлөөр дэлхийд өндөр байдаг улс учраас “Эрүүл хүүхэд Эрүүл шүд” гэдэг хөтөлбөр ажил хэрэгжүүлсэн. Бид нар их мөнгө зараад шүдийг эмчлэх гээд байгаадаа биш хамгийн гол нь амны хөндийн эрүүл ахуйг сахих зөв дадалыг аав, ээж, хүүхэд асран хамгаалагч, багшид эзэмшүүлэх юм. Хүүхдийн шүдийг багаас нь зөв угаагаад сургачихвал насан туршдаа зөв угаана. Бидний үндсэн зорилго бол ард түмнийг амны хөндийн эрүүл ахуйн боловсролтой болгох явдал юм.
Одоо юун дээр тулж ажиллаж байна вэ?
Монголчууд бид Азид тоглогч болох тал дээр ажиллаж байна. Сая мөрөөдлийнхөө хүрээнд 6 сард Азийн анагаахын болон эрүүл мэндийн их сургуулийн консерциумыг байгуулсан. Нэг үгээр хэлвэл анагаахын чиглэлийн гадаад сургуулиудийг нэгтгэсэн консерциум юм.
Манай салбарт шүдний эмнэлэг маш олон нээгдэж байна, энэ тал дээр таны бодол?
Би 2008 оноос эрүүл мэндийн сайдтай энэ асуудлын талаар ярьж байна. ДЭМБ-ийн тооцоогоор, дундажаар 4000 хүнд нэг шүдний эмч ноогдвол хэвийн гэж үздэг. Гэтэл өнөөдөр Монгол улсын шүдний эмчийн тоо 1400 гаруй байна. Одоо бүр тавын таван сургууль жилдээ 500-600 шүдний эмч бэлтгэн гаргаж байна. Би анх шүдний эмчийн тоо аймшигтай олон байна, энэ тал дээр хяналтгүй байна гэж хэлээд байхад салбарын зарим хүмүүс намайг шүдний сургуульд дургүй байна, хавчих гээд байна зэрэг янз бүрээр л хэлдэг байсан. Гэтэл одоо бүгдээрээ л хэлж байна. Ийм олон төгссөн хүмүүс гараад шүдний эмч л хийнэ шүү дээ. Борооны дараа мөөг гэдэг бол, одоо мөөгнөөсөө илүү олон эмнэлгүүд үржчихлээ, бүгдээрээ бие биенийхээ эмчилгээний чанарт нөлөөлнө, буруу өрсөлдөөнүүд үүснэ. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбар, батлан хамгаалах, боловсрол гурав өрсөлдөөнөөр зохицуулагддаг салбар биш. Бодоод үзвэл, 3 сая хүн амтай атлаа 90 гаруй их сургуультай, Финлянд 4 сая хүн амтай ч 4-өөс 5 хан их сургуультай. Эндээс бид алсын хараагүй, бодлогогүй, төлөвлөлтгүй байгаа нь харагдаж байна. Өнөө маргаашаа л болгож, өнөөдөр хүнээс хэдэн төгрөг л олж байвал болоо гээд явж байгаа нь буруу. Том хараатай байвал бид нар арай л өөр байхсан. Бидэнд хүчтэй төрийн зохицуулалт хэрэгтэй байна.
Залуу хүмүүст хандаж хэлэх таны зөвлөгөө?
Агуу философич Спиноза хэлсэн, 20 нас бол мэдрэмж 30 нас бол авьяас 40 нас бол ухаан гэсэн байдаг. Харин Монголчууд 60-тайдаа ухаараад 61-тэйдээ үхдэг гэж ярьдаг. Тэгэхээр 20 насандаа мэдрэмжээ хөгжүүлээд 30 насандаа авьяасаа тодруулаад 40 насандаа ухаан суувал магадгүй бид нар 60 наславал 20 жил ухаантай амьдрах гээд байна. Тэгэхээр хүн юу чаддагаа хийх ёстой. Ухаант ард түмэн ерөөсөө чаддаг юмаа л хийж байна. Болсон болоогүй даргын цүнх бариад явах ч юм уу, аль эсвэл ганц хоёр олсон мэдлэгтээ бардамнах нь буруу. Том зорилготой, том тэмүүлэлтэй бай. Энэ нь том хүсэлтэй бай гэсэн үг биш шүү. Хамгийн гол нь үнэнийг хай. Үнэн ойрхон байгаа.
Манай дараа дараагийн буланд хэнийг санал болгох вэ?
Профессор Г. Ариунтуул багшийг санал болгомоор байна. Холбогдож ярилцлага авах боломж олдвол олон сайхан зүйлсийн талаар ярих болов уу.
Мөн энэ хугацаанд монголын шүдний салбарыг удирдаж явсан Д. Сэлээ, Ц. Норовпил, Х. Цолмон, Н, Пүрэвжав, Б. Оюунбат болон үе үеийн багш нар, шүдний салбарын нийт хүмүүс болон НАСС-ийн хамт олон бүгдэд нь талархаж явдаг. Тэрнээс гадна ажилдаа өөрийгөө зориулахад миний арыг дааж, үргэлж намайг дэмждэг гэр бүл болон Майдент эмнэлгийн хамт олонд үнэхээр их баярлаж явдаг. Мөн намайг үргэлж хүчирхэгжүүлж, шинэчилж байдаг Бурхандаа талархлаа.
Манай дугаарыг цаг алдалгүй шимтэн уншиж, үргэлж тусалж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Гарж буй шинэ ондоо баяр хөөр, амжилт бүтээлээр дүүрэн байж, тавьсан зорилгодоо хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.