Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд ), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна.
Хүүхдийг 5-7 настайд нь эхний байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх ба цаашид 13 нас хүртэл нь солигдож эхэлнэ. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүс сүүн шүд унаж байж л ясан шүд гардаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд 5-7 настай үед хамгийн хойд талд нь насан туршид байх хамгийн чухал шүд болох Их Араа шүд ургасан байдаг. Энэ шүдийг солигдох шүд хэмээн тоомжиргүй хандаснаас (энэ үед хүүхдийн шүд 21-24 болсон байна) эрт цоорч, улмаар авагдах хүртэлээ хүндэрсэн байдал манайд элбэг тохиолдож байна.
Харин шүд солигдох үеээс нь эхлэн хүүхдийг фтортой оогоор угаалгаж эхлэх бөгөөд энэ үеээс эхлэн нэмэлтээр эрдэсжүүлэх эм, бэлдмэлүүдийг тогтмол өгч байх хэрэгтэй юм.
Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг “солигддог шүд” учраас арчлах шаардлагагүй гэж үздэг.
Гэтэл сүүн шүд нь байнгийн шүднээс ч илүүтэйгээр арчилгаа шаарддаг. Учир нь: - Сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорохдоо (хорхойтохдоо) амархан байдаг.
- Хорхойтсон сүүн шүд маш хүчтэй өвддөг.
- Хорхойтсон сүүн шүд нь байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж болно.
- Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог тул байнгын шүд буруу гажиг байрлалтай, давхар ургах зэргээр гагжиг үүсгэх нөхцөл болдог.
- Хорхойтсон сүүн шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр ургах ясан шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж цооруулдаг.