Хөхөх гэдэг нь нярай хүүхдэд заяадаг төрөлхийн рефлекс бөгөөд үүнийхээ тусламжтайгаар төрсөний дараа хөхөө олж хөхөж чаддаг. Хөхөх нь зөвхөн хоол тэжээлээ олж идэх рефлексээс гадна хүүхдийг тайвшруулах, хүүхдэд тав тухтай мэдрэмж төрүүлдэг зүйл юм. Хүүхэд том болохын хэрээр өөрийгөө тайвшруулах, тав тухтай болгох ямар нэгэн зүйл хайж олох бөгөөд энэ нь хуруугаа хөхөх буруу зуршил үүсэх шалтгаан болдог. Ихэнх хүүхдүүд 2 насны үеэсээ сэтгэл санаа тавгүй үедээ хуруугаа хөхөж эхлэх бөгөөд 4 насны үед өөрөө аяндаа хөхөхөө больдог. Тэгвэл зарим нэг хүүхдэд энэ нь хорт зуршил болж үлдэх бөгөөд хүүхэд өөрийн мэдэлгүй амандаа хуруугаа хийж удаан хугацаагаар хөхдөг болдог.
Хүүхэд хуруугаа хөхсөнөөр ямар үр дагаварт хүрч болох вэ?
Энэхүү зуршилтай холбоотойгоор хэд хэдэн бид бүхний мэдэх эсвэл хүмүүсийн мэдэхгүй үр дагавар учирна. Гэхдээ үр дагаварын тухай бодож үзэхдээ эцэг эхийн удамшлын хүчин зүйл бас амны хөндийн эрхтэн тогтолцооны асуудлуудад нөлөөлдөгийг бодолцох хэрэгтэй. Иймд хуруугаа хөхөхөөс шалтгаалан үүсэх үр дагавар хүүхэд бүрт харилцан адилгүй байна.
- Хуруугаа хөхөд үүсэх үр дагавар нь хуруугаа хэр удаан хөхөж байгаагаас шалтгаалах бөгөөд өддөрт 4 цагаас илүү хугацаанд хуруугаа хөхвөл ноцой үр дагавар учирна гэж үзнэ
- Хуруугаа бас хэр чанга хөхөж байгаа хүч нь мөн үргэлжилэх хугацааны адил чухал хүчин зүйл юм
- Хуруугаа аманд хийхдээ аль хэсэгт голлон байршуулж байгаагаас шүдэнд үүсэх асуудлууд нь шалтгаална
Хуруу хөхсөний улмаас шүдэнд үүсэх асуудлууд
- Дээд үүдэн шүднүүд гадагшаа орсойж түрнэ. Зарим тохиолдолд доод шүднүүд нь мөн эсрэгээр амны хөндий талруу налсан байна.
- Дээд ба доод шүднүүд амаа хамхих үед хоорондоо хүрэхгүй завсар нь онгорхой харагдах буюу заалхай зуулт үүснэ.
- Араа бүлгийн шүднүүдийн зуулт зөрнө
Бусад асуудлууд
Хуруугаа хөхөх нь зөвхөн эрүү нүүрний яс ба шүдэнд нөлөөлөөд зогсохгүй хөхөж байгаа хуруунд арьсны халдвар үүсэх эрсдэл болно. Сургуулийн насан дээр хүүхэд хуруугаа хөхөө зогсоож чадаагүй бол өөр бусад хүүхдүүдэд шоолуулах бөгөөд энэ нь хүүхдийн өөртөө илтэлтэй байдлыг алдагдуулах шалтгаан болно.
Эмчилгээ
Сүүн шүдний үед хуруугаа бага зэрэг хөхөх нь нээх сүртэй асуудал биш боловч сүүн шүд ба байнгын шүд солигдлын үед хуруугаа хөхсөөр байгаа бол шүдний эмч дээр очиж шалгуулж үзүүлэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч ямар нэгэн хориглох зүйл хийхийн өмнө хуруугаа хөхөх нь хүүхдэд тайвшруулах, таатай мэдрэмж төрүүлдэг сэтгэлзүйн томоохон хүчин зүйл гэдгийг сайтар бодолцож үзэх нь зүйтэй. Иймд 4 хүртэл насан дээр заавал хүчээр хориглох хэрэггүй бөгөөд харин 4-өөс дээш насанд түүнийг эмчилэх арга зам хайх нь зүйтэй.
Хүүхэд хэний ч туслалцаагүй өөрийн мэдэлгүй хуруугаа хөхдөг гэдгийг бодолцох хэрэгтэй. Иймд хүчээр хуруу хөхөхийг болиулах гэж оролдох нь хүүхдийг сэтгэлзүйн дарамтанд оруулдаг.
Иймд мэргэжлийн эмчийн туслалцатайгаар хуруу хөхөхийн эсрэг системтэй эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Энэхүү эмчилгээнд хуруу хөхөхийн эсрэг зориулалтын зэмсэг хийлгэх нь чухал. Зэмсэг нь олон төрөл байх бөгөөд авагддаг ба авагддаггүй бэхэлгээтэйзэрэг янзбүр байх ба алийг нь сонгохыг эцэг эхчүүд хүүхдийнхээ нөхцөл байдлыг эмчид хэлж хамтран сонголцох нь зүйтэй.