Хэдийгээр water flosser буюу шүдний завсарыг усаар шүршиж цэвэрлэдэг төхөөрөмж олон жилийн өмнө хэрэглээнд нэвтэрсэн ч шүдний эмнэлэгт ирж буй ихэнх өвчтөн, үйлчлүүлэгчид энэ төхөөрөмжийн талаар ямар ч ойлголтгүй байх нь элбэг.
Water flosser нь шүдний завсар болон буйлыг даралттай усаар шүршиж цэвэрлэдгээрээ уламжлалт шүдний завсар цэвэрлэх утаснаас ялгаатай. Иймд энэ төрлийн шүд цэвэрлэгч нь уламжлалт аргаас давуу талтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ нь шүд ба буйлны завсар наалдсан өнгөрийг илүү сайн цэвэрлэх тул буйлнаас цус гарч үрэвсэхийг намжаадаг бөгөөд бусад олон зүйлсээрээ амны хөндийн эрүүл мэндэд чухал ач тустай төхөөрөмж гэдэг нь нотлогдсон.
Амны эрүүл ахуй хангалтгүй байх, буйлны үрэвсэл, шүдний тулгуур эдийн өвчинд нэрвэгдэх зэрэг нь биеийн эрхтэн тогтолцооны бусад өвчин, өвчлөлүүд тухайлбал Алцгеймер өвчин, үений артрит, чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар зэргийн шалтгаан болдог нь олон удаагийн судалгаагаар нотлогдсон байна.
Өнөөгийн байдлаар нэлээд олон компаниуд water flosser-ийг үйлдвэрлэн гаргаж байгаагаас Phillips ба Panasonic компаний water flosser-иуд илүү их ашиглагдаж байна. Эдгээр нь өөртөө цахилгаан хураагуур батерей бүхий электрон шүдний сойз мэт зүйл байдаг боловч сойзноос ялгаатай нь өөртөө усны нөөцлүүртэй. Зарим загварын хувьд усны нөөцлүүр нь шүршигчээс тусдаа байдаг ба хоорондоо нарийхан шланкаар холбогддог. Усыг ихэнхдээ хоёр төрлийн даралтаар шүрших ба зарим төхөөрөмжүүд нь усны шүршилтийг тодорхой хэмээр лугших байдлаар шүршдэг ч байна.
Water flosser ашиглан шүдийг цэвэрлэх нь уламжлалт шүдний утсаар цвэрлэх аргачлалаас илүү хялбар тул шүдийг цэвэрлэхэд ердөө нэг минутын хугацаа хангалттай гэж үздэг. Ялангуяа шүдний гажиг заслын зэмсэг зүүсэх өвчтөнүүд ба имплант бүхий хүмүүст шүдээ цэвэрлэхэд илүү хялбар бөгөөд үр дүнтэй.
Судалгаагаар water flosser-аар цэвэрлэх нь буйлны ирмэгээс доор байрлалтай өнгөрийн 99%-ийг цэвэрлэж байгаа нь тогтоогдсон байдаг. Уламжлалт аргатай харьцуулахад буйлны үрэвсэлийг намжаах асуудалд 50%-аар илүү гэнэ. Waterpick-ийг ашиглахад сөрөг зүйл гэж бараг байхгүй бөгөөд үйлчлүүлэгчдийн хувьд овор хэмжээ том байгаа нь уламжлалт шүдний утаснаас сул тал гэж үзэх нь бий.