Амны хөндийн эрүүл ахуй нь шүд, буйлны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай. Хамгийн наад зах нь ОО нь амнаас эвгүй үнэр гарахаас сэргийлнэ. Шүдний ОО-гоо зөв сонгох нь амны хөндийн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг ч ямар бүтээгдэхүүн сонгох нь зөв болохыг мэдэх тийм ч хялбар биш байдаг.
Өөрт хамгийн хэрэгцээтэй шүдний ОО-г сонгохдоо дараах зүйлсийг харгалзан үзнэ:
1. Фторын агууламжийг харах
Фтор нь шүдний пааланг хамгаалж, шүдийг эрдэсжүүлж цоорлоос урьдчилан сэргийлдэг байгалийн эрдэс юм. Америкийн шүдний холбоо нь фтор бол шүдний ооны хамгийн чухал найрлагын нэг гэжээ. Мөн фтор нь шүдний цоорлын эмчилгээнд хамгийн аюулгүй, үр дүн сайтай байдаг.
2. ADA /American Dental Association/-ны шалгуур үзүүлэлт.
Шүдний ОО нь эдгээр зүйлсийг заавал хангасан байх:
- Фтор агууламжтай байх
- Амны эрүүл ахуйг дээшлүүлэх идэвхтэй найрлагыг агуулсан байх
- Сахар зэрэг шүд цоороход эрсдэлтэй нэмэлт амт оруулагчаас ангид байх
- Аюулгүй, хоргүй гэдгийг батлах шинжлэх ухааны нотолгоотой байх
Гэсэн хэдий ч энэ зөвшөөрөлд сайн дурын үндсэн доор шалгуулдаг бөгөөд зарим ОО-ууд шалгуулдаггүй. Иймээс бүх шүдний ОО ADA зөвшөөрөлтэй гэсэн үг биш юм.
3. Шошгыг унших
Шүдний ОО-ны шошгыг сайтар шалгах хэрэгтэй. Бүх төрөл нь хүн болгонд тохирно гэсэн үг биш.
Жишээ нь: зарим төрөл нь бага насны хүүхдүүдэд тохиромжгүй байдаг байна. Шошгон дээр найрлагуудыг бүгдийг бичсэн байдаг бөгөөд тухайн хүн шүдний ОО-гоо сонгохдоо өөрт харшлах зүйл байгаа эсэхийг нягталж харна гэсэн үг. Ам нь шархламтгай хүмүүс SLS /sodium lauryl sulfate/ агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зүйтэй.
4. Өөрийн амны хөндийн асуудлууд дээр тулгуурлан сонгох
Шүдний зарим өвчлөлтэй хүмүүс өөрийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, зарим хүмүүст шүдний хэт мэдрэгшилийг бууруулах ОО /калийн нитрат агуулдаг/ шаардлагатай байдаг бол заримд нь цайруулах үйлчилгээтэй хэрэгтэй байдаг.
5. Цайруулах шүдний оо авах эсэхээ шийдэх
Маш олон хүмүүс цагаан шүдтэй байхыг хүсдэг. Шүд цайруулах ОО нь шүдний гадаргуугаас толбыг арилгаж шүдийг сийрэг болгох найрлагатай байдаг. Шүдний хэт мэдрэгшилтэй шүдтэй хүмүүсийн шүдийг улам мэдрэг болгох аль болох зайлсхийх нь зөв. Хэт мэдрэгшилтэй хүмүүс шүдээ аюулгүй аргаар цайруулахын тулд эмчээс зөвөлгөө авах шаардлагатай.
6. Хэт мэдрэгшилтэй шүдэнд оо сонгох
Хэт мэдрэг шүдтэй байх нь шүд угаахад маш тааламжгүй байдал бий болгодог. Хүйтэн болон халуунд маш мэдрэг байдаг нь зайрмаг, кофег хэрэглэхэд төвөгтэй байдаг.
7. RDA шалгах
Дээр дурьдсанчлан шүдний оо нь цэвэрлэж, цайруулах өнгөлгөөний бодис агуулдаг. 250 RDA болон түүнээс доош байх нь аюулгүй, үр дүнтэй байдаг бөгөөд 250-аас их байвал шүдийг гэмтээх аюултай.
8. Шүдний чулууг хянах
Шүдний өнгөр нь шүдний гадаргуу дээр өдөр тутамдаа үүсдэг бактерийн давхарга бөгөөд цаашид угаахгүй удсанаас үүдэн шүдний чулуу болдог. Шүдний чулууг гэрийн нөхцөлд арилгахад хэцүү бөгөөд удаан явснаар буйлны өвчлөлд хүргэнэ. Амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиж, шүдийг зөв тогтмол угаах нь шүдний чулуу үүсэхээс сэргийлнэ. Пирофосфат, цайрын цитрат зэрэг химийн бодис агуулсан шүдний оо нь чулуу үүсэхээс энгийн ОО-оор угааснаас харьцангуй сайн сэргийлдэг.
9. Байгалийн гаралтай шүдний ОО
Байгалийн гаралтай шүдний ОО нь фтор маш бага хэмжээгээр агуулдаг. Өнгөлгөөний болон толбо арилгадаг химийн бодисын оронд байгалийн гаралтай бүтээгдэхүүн болох хүнсний сода агуулсан байдаг.
10. Чихэрлэг шүдний ОО-ноос зайлсхийх
Чихэр буюу нүүрс ус нь шүд цоороход нөлөөлдөг учраас үүнийг агуулсан ОО хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн шүдний ОО-нд их чихэр байдаг тул та хүүхдийнхээ ОО-г сонгохдоо сахарын хэмжээг нь сайтар шалгахыг зөвлөж байна.
11. Сонголт чинь таны өөрийн хэрэгцээн дээр суурилсан байх
Хүн бүр өөр, өөр хэрэгцээ сонголттой байдаг. Шүдний оог сонгохдоо та өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд тааруулах хэрэгтэй.
Анхаарвал зохих зүйлс:
- Найрлаганд нь ямар нэг харшлах зүйл байгаа эсэх
- Шүдний хэрэгцээг хэр хангаж байгаа эсэх
- Шүдний ОО-г эмчийн тусламжтай сонгох
- Мөн бусад шүдний сойз, хэл хусагч, ам зайлагч, шүдний утас зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол ашиглаж хэвших
Эх сурвалж: https://www.medicalnewstoday.com/articles/322577#takeaway