Шүдний сойз сонгохдоо анхаарах ёстой 5 зүйл
Ихэнх хүмүүсд шүдний сойз сонгох нь амархан байдаг. Яагаад гэвэл тэд шүдний сойзнууд бүгд ижилхэн гэж боддог учраас... Гэвч шүдний сойз болгон өөр, өөр байдаг байна. Хамгийн сайн шүдний сойзыг сонгохдоо сойзны толгойн хэмжээ, үсний хэлбэр, төрөл, Америкийн шүдний эмчийн холбооноос /ADA/ зөвшөөрөл авсан эсэх зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.
1. Сойзны толгойн хэмжээ
Сойзны толгойн хэмжээ нь сойзны чанарт хамгийн их нөлөөлдөг. Сойзны толгой янз бүрийн хэмжээтэй байдаг ч хамгийн тохиромжтой нь 2.5 см өндөр (Дээд 2 үүдэн шүдний өргөнтэй тэнцүү), 1.2 см өргөнтэй байдаг. Ийнхүү сойзны толгой жижиг байх тусмаа араа шүд зэрэгт илүү сайн хүрдэг. Харин эсрэгээрээ том толгойтой сойз нь амны ар талын араа шүд зэрэгт хүрэлцдэггүйн улмаас сайн угааж чаддаггүй байна.
Та мөн атгаж барихад хялбар урт иштэй шүдний сойз сонгоорой. Учир нь шүдээ угаахад тухгүй байх нь шүдээ 2 минут ч угааж чадахгүйд хүргэнэ.
2. Сойзны үсний төрөл
Шүдний сойзны үс нь зөөлөн, дунд, хатуу гэсэн 3 төрөлтэй. Хэт хатуу биш, хэт зөөлөн биш дундаж үстэй сойз нь илүү тохиромжтой байдаг. Хэт хатуу сойзоор угаавал шүдний паалан болон буйлаа гэмтээдэг бол, хэт зөөлөн үстэй сойз нь өнгөрийг гүйцэд арилгадаггүй байна. Хатуу үстэй сойзыг зөвхөн шүдний эмч зөвлөсөн үед л хэрэглээрэй.
3. Үзүүр нь бөөрөнхий VS Шулуун
Шүдний сойзны үзүүр нь бөөрөнхий, шулуун гэсэн 2 өөр хэлбэртэй байдаг гэдгийг та мэддэг үү? Энэ нь тийм ч чухал биш санагдах боловч сойзны үсний хэлбэр нь таны амны хөндийн эрүүл мэндэд асар их нөлөө үзүүлдэг.Шулуун үстэй сойз нь бөөрөнхийтэй адил амыг сайн цэвэрлэх ч хурц үзүүртэй учраас таны буйлыг гэмтээж, халдвар авах, үрэвсэх магадлалыг нэмэгдүүлдэг.
Тиймээс та дугуйрсан үстэй сойз авахаа мартуузай. Эдгээр нь таны буйлыг халдвар, үрэвслээс хамгаалахад туслах төдийгүй нимгэн мэдрэмтгий буйлтай бол хамгийн сайн сонголт юм.
4. ADA зөвшөөрөл
ADA-с зөвшөөрөл авсан шүдний сойз авах нь үргэлж хамгийн зөв сонголт байдаг. Энэ нь таны шүдний сойз таны амны хөндийн цэвэрлэгээ, аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шалгалтанд орсон болохыг нотолж байгаа юм.
ADA-н зөвшөөрлийн тамга нь дараах зүйлийг илэрхийлнэ:
- Үс нь аюулгүй
- Бариул нь өдөр бүр хэрэглэх хангалттай бат бөх
- Өнгөрийн хуримтлал, буйлны өвчний эхэн үед өвчлөлийг бууруулдаг
- Эмнэлзүйн туршилтанд орсон
5. Энгийн эсвэл электрон сойз
Энгийн сойз эсвэл электрон сойз сонгох нь таны өөрийн сонголтоос хамаарна. Энэ 2 хоёулаа таны шүдийг маш сайн цэвэрлэх болно. Хамгийн чухал нь таны сонгосон шүдний сойз нь зөв техникээр дор хаяж өдөрт 2 удаа 2 минутын турш угаахаар байх ёстой.
Ихэнх хүмүүсийн хувьд хамгийн том хүчин зүйл зардал байдаг. Батерей болон цахилгаанаар ажилладаг сойз нь илүү үнэтэй байдаг.
Бидний зүгээс танд өгөх бяцхан зөвлөмж:
Юун түрүүнд та өөрийн шүд болон амны хөндийн онцлогт тохируулан сойзоо сонгоорой. Өөрийн амны хөндийгөө тийм ч сайн мэддэггүй бол та шүдний эмчид хандан зөвлөгөө авч болох юм. Гэрийн нөхцөлд амны хөндийн эрүүл ахуйгаа сахихад хамгийн чухал 2 зүйл бол яахын аргагүй шүдний СОЙЗ, шүдний ОО билээ. Гэвч хүмүүс ОО-гоо л сайн сонговол гээд сойзыг орхигдуулаад байдаг. Үнэн хэрэгтээ шүдний гадаргууд үүссэн өнгөрийг оо биш сойз л арилгадаг шүү дээ. Тиймээс та амны хөндийгөө хайрладаг, өөрийгөө хайрладаг нэгэн бол шүдний оо, шүдний сойзны хамгийн сайн, өөрт тохирохыг ашиглаарай.
Source:https://kirkpatrickdentalcare.com/blog/2020/06/26/top-5-things-to-consider-when-buying-a-toothbrush/