Байнгын араа шүдийг тур тусмаа нэгдүгээр их араа шүдийг амны хөндийн орчинд ургахаас нь өмнө, ургаж байхад нь, ургасны дараа нь хамгаалах бүрэн боломжтой. Үүний тулд аль ч шүд ургахад аюулгүй амны хөндийн орчныг бүрдүүлж өгөх нь чухал бөгөөд энэ нь шүдний ирээдүйн хувь тавиланг тодорхойлох хөшүүрэг болно. Ургаж буй шүдийг шүд цоорлоос хамгаалж цооролгүй байлгахад урьдчилан сэргийлэлтийн ажлыг идэвхтэй гүйцэтгэх нь чухал. Байнгын нэгдүгээр их араа шүд нь шүдэлсэнийхээ дараа хоёр жилийн дотор сайтар хамгаалахгүй л бол шүд цооролд өртөх өндөр эрсдэлтэй шүд юм.
Нэгдүгээр араа шүдний хамгаалалтыг хэрхэн гүйцэтгэх вэ?
Шүд ургахаас өмнө
- Байнгын ба эрчимтэй амны эрүүл ахуйн дэглэм сахих
- Зөв хоололтын дэглэм мөрдөх
- Өдөр бүр фторт оогоор шүдээ угаах ба шүд цоорох эрсдлийн үнэлгээ хийлгэсний дагуу нэмэлт фторжуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
Шүд ургалтын явцад
- Амны эрүүл ахуйн арчилгаа хийх, хоол хүнсээ зохицуулж хэрэглэх
- Шүд цоорох өвчний эрсдлийн үнэлгээний дагуу аль болох яаралтай шүдний ховил хонхорыг зориулалтын sealant материалаар битүүмжлүүлэх
- Цоорлын өндөр эрсдэлтэй бол шүдийг ургаж байх явцад glass ionomer cements (GIC) материалаар ховил хонхорыг таглуулах
Шүд ургасны дараа
- Амны эрүүл ахуйн арчилгаа хийх, хоол хүнсээ зохицуулж хэрэглэх
- Шүд ургаж гүйцсэний дараа бүх шүднүүдийг цоорол үүсэж эхлэж байгаа эсэх үүссэн эсэхийг сайтар нямбай шалгуулах нь чухал
Фторын хэрэглээ
- Өдөрт 1000–1450 ppm хэмжээний фтор агуулсан оогоор шүдээ хоёр дахин угаах
- 225 ppm фтор агууламж бүхий ам зайлагчаар амаа зайлах
- 22600 ppm фторын агууламж бүхий зориулалтын фторт түрхлэг жилд 2-4 удаа түрхүүлж урьдчилан сэргийлэх
Шүдний ховилын sealants хэрэглэх
Шүдний ховилын sealants материалыг байнгын араа шүдний зажлах гадаргуугийн цоорлоос хамгаалах зорилгоор сүүлийн 50 жилийн турш ашиглаж байна. Bisphenol-α-glycidyl meth- acrylate (bis-GMA) агуулсан sealants материал нь хамгийн идэвхтэй үйлчлэлтэй материал юм. Sealants материал нь шүдний ховил хонхорыг нягт битүүмжилсэнээр тэр хэсэгт хоол хүнсний үлдэгдэл хуримтлагдаж нян бактери үржих боломжгүй болгож шүдийг цоорлоос найдвартай хамгаалдаг.
Төрлүүд
- Ломбоддог ба түрхдэг
- Өнгөгүй, өнгөтэй, шүдний өнгө дарах цэхэр цагаан өнгөтэй
- Химийн аргаар хатуурдаг, гэрлээр шарж хатуурдаг
Ашиглах заалт
Энэ материалыг шүд цоорлын эрсдлийн үнэлгээгээр шүд цооролд өртөх эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд хэрэглэнэ. Ийм хүүхдүүдэд шүд шүдлэлтийн дараа аль болох түргэн хугацаанд sealant тавиулж ховил хонхорыг битүүмжилэх хэрэгтэй. Дараах нөхцөлүүдэд sealant хэрэглэнэ.
- Сүүн шүд нь цооролтой гэсэн өвчний түүхтэй бол
- Анхны байнгын нэгдүгээр араа шүд болон бусад шүднүүд цоорсон бол
- Ах, эгч нь шүд цоорох өвчтэй бол
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
- Гүн ховил хонхортой шүдтэй бол
- Бага зэргийн гипоплазитай шүд
Sealant материалын үр дүн
Хуванцар суурьтай sealant материалуудыг сонгон хэрэглэх нь дээд зэргийн амжлттай байгаа талаар судалгааны материалуудад дурдсан байдаг. Шүдийг цоорлоос хамгаалах амжилтын үзүүлэлт (Success rate) нь 1 жилийн дотор 90%, 5 жилийн дотор 50% байдаг. Энэ нь sealant хэрэглэсэн хүүхдүүдийн 90% нь нэг жилийн дотор шүд цооролд өртөөгүй, 5 жилийн дотор 50%-ийг шүд цоорохоос хамгаалсан гэсэн үг юм. Шүдийг sealant тавиад л явуулчих биш түүнийг дараа дараагийн үзлэгүүдэд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж байх нь чухал. Хэрэв ямар нэгэн хэмжээгээр хэлтэрч унасан байх юм бол дахин битүүмжилж ломбодох хэрэгтэй. Sealant-ыг тавьж байх үедээ амыг чийгнээс бүрэн тусгаарлаагүй, материалд шүлс нэвтэрсэн байх нь алдаа гарах гол шалтгаан болдог. Glass ionomer cements ломбоны материалыг шүдлэж буй байнгын араа шүдэнд sealant-ын зориулалтаар ашиглаж болно. Үүнийг ашиглах нь олон давуу талуудтай бөгөөд нэгдүгээрт шүд дутуу ургасан орчноос тусгаарлахад хэцүү нөхцөлд ашиглаж болох ба хоёрдугаарт түүний ягаан өнгөөр шүдний ховил хонхор битүүмжилэгдсэн байгаа эсэхийг хялбархан ялгаж таних болмжтой ба шаардлагатай үед ердийн sealant-аар сольж болно.
Эрүүний нэгдүгээр араа шүднүүдэд цэхэр цагаан өнгөтэй sealant хэрэглэсэн байдал
Хоншоорын зүүн талын нэгдүгээр араа шүдэнд glass ionomer cement (GIC)-ын sealant-ын зориулалтаар ашигласан байдал
Дутуу ургасан эрүүний нэгдүгээр араа шүдэнд glass ionomer cement (GIC) sealant ашигласан байдал