Фторыг байгалийн гаралтай шүдний цоорлын хамгаалагч гэж нэрлэдэг нь түүний шинж чанартай нь тун зөв зохицсон тодорхойлолт юм. Учир нь фтор нь байгальд оршдог эрдэс бодис боловч амны хөндийн нянгийн үйлчлэлийг саармагжуулж шүдний гадаргууг илүү бат бөх болоход нөлөөлдөг тул өнөө үед шүд цоорох өвчний урьдчилал сэргийлэлтийн практикт өргөн хүрээнд ашиглаж байна.
Фторын үйлчилгээний механизм
Шүдний хатуу эдүүдийн эрдсийн агууламж нь кальци, фосфат болон гидроксиль ион агуулсан карбонат апатит хэлбэртэйгээр шүдэнд хуримтлагдданг ба эдгээр нь өөр хоорондоо нэгдэн гидроксиапатит [Ca10.(PO4)6. (OH)2]-ыг үүсгэдэг. Хэрэв амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдаж pH 5.5-аас доош буувал гидроксиапатитын задрал явагдаж шүд эрдэсгүйжил (demineralisation)-д өртөнө. Харин pH 7.0-оос дээшилвэл шүдний дахин эрдэсжилт (remineralisation) эхэлнэ. Энэ бол шүдний эрдэсгүйжил ба дахин эрдэсжилтийн тэнцвэрт байдал үүсэх нөхцөл байдал юм. Харин шүдний дахин эрдэсжилтийн үе шатанд фтор оролцох юм бол фтортапатит [Ca10.(PO4)6.F2] нэгдэл үүсэх бөгөөд энэ нь хүчлийн орчинд энгийн гидроксиапатитаас илүү тэсвэртэй байдгаараа онцлог.
Фтор нь шүдэнд дараах үйлчлэл үзүүлнэ.
- Шүдний хэлбэржитлийн үед шүдний паалангийн кристалл бүтцийг илүү бат бөх том болоход нөлөөлнө
- Шүдний өнгөрт хуримтландсан нянгийн ферментийн үйлчлэлийг саатуулах замаар хорт үйлчлэлийг саармагжуулна
- Шүдний эрдсийн алдагдал, эрдэсгүйжилтийн процессийг саатуулна
- Фтортапатит үүсгэх замаар шүдний дахин эрдэсжих процессийг дэмжинэ
- Шүдний цөгцний хэлбэр дүрсэд нөлөөлнө
Мөн амны хөндийд шүлсний орчинд фторын ион өндөр байх нь шүдний паалангийн эрдсүүд амны хөндийн орчинд уусаж алдагдахаас сэргийлэх сайн талтай. Иймд амны хөндийн орчинд фторыг ямар нэгэн аргаар байнга тасралтгүй хангаж өгөх нь шүлс/өнгөр/паалангийн найрлагад байх фтор болон эрдсийн тэнцвэрт байдлыг нөхцөлдүүлж энэ нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд маш чухал хүчин зүйл болж өгдөг.
Фторын төрлүүд
- Фторт натри (NaF)
- Натрийн монофторфосфат (NaMFP)
- Фторт цагаан тугалга (SnF)
- Фторт амин (AmF)
Фторт гель, ам зайлах уусмал ба түрхлэгүүдийн тухай
Фторт гель
Энэ төрлийн фторт материалыг зориулалтын халбага ба багсаар шүдэнд түрхэх нь шүдний цоорлын эрсдэлийг 26%-аар бууруулж байгааг судалгааны тайланд дурдсан байдаг. Өндөр концентрацитай (1.23% = 12300ppm) фторт гелийг эмнэлгийн нөхцөлд ашигладаг бол бага концентрацитай (1000 ppm) гелийг гэрийн нөхцөлд ашиглаж болно. Фторын өндөр концентрацитай гелийн хоруу чанар өндөр тул дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:
- Зориулалтын халбаганд 2млээс ихээр хийж болохгүй
- Өвчтөнийг эгц суулгаад толгойг нь урагш нь тонгойлгосон байрлалд түрхэнэ
- Шүлс сорогч заавал ашиглана
- Фтор түрхсэнээс 30 сек дараа өвчтөнийг шүлсээ хаяхыг зөвлөнө
- 6аас доош насны хүүхдэд ашиглаж болохгүй
Эмнэлзүйн шинж чанар
- Үйлчлэлийн хугацаа урт удаан
- Фторын өндөр концентраци үүсгэнэ
- Хэрэглээ хоорондын зай бусдаас урт
- Шүдний эмнэлгийн зориулалтын материалд заавал эмчийн зөвшөөрөл хэрэгтэй
Фторт ам зайлах уусмал
Өдөр тутмын ам зайлах уусмал нь 0.05% (225 ppm) фтор агуулдаг бол долоо хоног тутамд ашиглах ам зайлах уусмал нь арай илүү 0.20% (900 ppm) фторт натри агуулна. Ам зайлах уусмалыг шүд угаах цагаас өөр цагт хэрэглэх нь амны хөндийн фторын орчинг хадгалахад тустай болохыг өвчтөндөө заавал зөвлөх хэрэгтэй. Энэ аргачлалыг өдөр тутамд ашигласнаар шүд цоорох өвчний эрсдэл 20-50%-аар буурч байгааг судалгаа харуулдаг. Хэрэв шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж байгаа бол фторт ам зайлах уусмалыг өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. 6 наснаас бага хүүхдэд фторт ам зайлах уусмалыг хэрэглэхийг тэр бүр зөвлөх хэрэггүй бөгөөд учир нь энэ насан дээр хүүхэд уусмалыг залгих нь их байдаг.
Эмнэлзүйн шинж чанар
- Үйлчлэлийн хугацаа богино
- Фторын концентраци бага
- Хэрэглээ хоорондын зай богино
- Шүдний эмнэлгийн орчинд эсвэл гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой
Фторт лак
Голдуу 22 600 ppm фторт натрийн агууламж бүхий түрхлэгийг хэрэглэсэн тохиолдолд шүд цоорох эрсдлийг 50-70% бууруулдаг болохыг судалгаа харуулдаг. Фторт лак нь хоруу чанар өндөртэй тул ашиглахдаа болгоомжтой байх нь зүйтэй. Буурцагны хэртэй бага зэрэг фторт лак нь 6 хүртэл насны хүүхдийн бүх шүдэнд түрхэхэд хангалттай.
Эмнэлзүйн шинж чанар
- Үйлчлэлийн хугацаа урт
- Фторын концентраци өндөр
- Эмнэлгийн нөхцөлд болон эмнэлгийн салбарын мэргэжилтний хяналтан дор ашиглах хэрэгтэй
Өвчтөн болгонд эмнэлзүйн нөхцөл байдал шүдний цоорлын эрчимээс шалтгаалан фторт материал ашиглах заавар харилцан адилгүй байх бөгөөд шүдний эмч нар өвчтөний нөхцөл байдалд тохируулан хүн бүрт урьдчилан сэргийлэх эмчилгээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байх нь зүйтэй.