Өнөөдөр АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уг уулзалтанд АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, тэнхмийн эрхлэгч АУ доктор Ч.Гантөмөр ЭМЯ НАС-ын Ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар, Мэргэжлийн зөвлөлийн гишүүн И.Басхүү эмч оролцлоо.
НАС мэргэжлийн салбар зөвлөл УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд 2 асуудлыг дэвшүүлэн тавьсан бөгөөд үүнд: Шүдний эмчийн туслахын сургалтын асуудал, Шүдний эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байгаа хүний нөөцийн тулгамдсан асуудал
АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр шүдний эмчийн туслахын сургалтанд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг байнгын хорооны даргад танилцууллаа. Шүдний эмчийн туслах нь мэргэжлийн боловсрол гэдэг утгаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж байгаа ч сургалтын үйл ажиллагаа явуулахад МСҮТ байгуулж сургалт явуулах шаардлага тавьж байгаа нь өнөөгийн дээд боловсролын хуулинд харшилж АШУҮИС, НАСС сургалтыг өөр дээрээ явуулахад бэрхшээлтэй асуудал тулгарч байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд тус сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжүүлж өгөх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Энэ асуудалд байнгын хорооны дарга Г.Дамдинням гишүүн хариулт өгөхдөө Боловсролын хуулийг бүхэлд нь шинэчлэхээр ажиллаж байгаа. Хуулийн төслийн ажил нэлээд ахицтай явж байгаа бөгөөд Сонгуулийн дараа хэлэлцүүлгүүдэд орно. Тус хуулийн шинэчлэлтээр Их сургуулиуд лицей сургуулиас эхлээд, МСҮТ зэрэг түвшинд сургалт явуулах эрх нээгдэж байгаа. Тийм болохоор боловсролын шинэчилсэн хуулиар мэргэжлийн бловсролыг Боловсролын яамны харьяа Их сургуулиуд явуулах боломжтой болно. Иймд тун удахгүй наад асуудал чинь хуулийн дагуу шийдэгдэнэ гэлээ.
ЭМЯ НАС-ын Ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар сүүлийн жилүүдэд хувийн сургуулиудын тоо ихэссэнтэй холбоотойгоор Шүдний эмч мэргэжилтнүүдийг замбраагүй бэлтгэж ойрын хугацаанд шүдний эмч мэргэжилтнүүдээр төгсөгчдийн тоо хяналтаас гарч энэ мэргэжлийн нэр хүнд унах, эмчилгээ үйлчилгээний чанар буурах ноцтой асуудал байгааг тайлбарлалаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Шүдний эмч мэргэжилтнүүд бэлтгэн гаргаж буй сургуулиудын материаллаг баз ба багшлах боловсон хүчний шаардлагыг өндөрсгөж, төгсөгчдийн тоонд квот тавьж бүх сургуулийн төгсөгчдийн Улсын шалгалтыг нэг шалгууртай болгож нэг өдөр нэгэн зэрэг шалгаж, төгсөгчдийн чанарыг ижил түвшинд шигших шаардлагатай байгаа саналыг дэвшүүллээ. Хэрэв ингэж чадвал шүдний эмч бэлтгэн гаргаж байгаа сугуулиудын хооронд чансааны эрэмбэ үүсэх бөгөөд шүдний эмч болохоор шалгалт өгч буй сурагчид тэр чансааг харж зөв сонголт хийх боломжтой болохыг санууллаа.
Энэ асуудал дээр байнгын хорооны дарга Г.Дамдинням гишүүн ЭМЯ, Мэргэжлийн зөвлөл, Мэргэжлийн холбоодын зүгээс яг салбарын хүрээнд тулгамдаад буй энэ асуудлыг албан бичгээр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд албан ёсны хүсэлт гаргахын зэрэгцээгээр Их дээд сургуулиудын консорциум дээр асуудлыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар Боловсролын тухай шинэ хуулийн ажлын хэсэгт танай зүгээс өөрийн төлөөллийг оролцуулж шинэ хуулийн төсөл дээр энэ чиглэлээр заалт оруулахад дэмжлэг үзүүлье гэлээ. АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаярыг Боловсролын хуулийн ажлын хэсэгт орж ажиллахыг урьлаа.
Улмаар дээрх хоёр асуудлын хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтарсан хүний нөөцийн тулгамдсан асуудлаар улсын хэмжээний зөвлөгөөн зохион байгуулах, амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр УИХ дэмжлэгтэйгээр БШУЯ, ЭМЯ төр ба хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийг хамруулсан “АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ”-ийг ирэх намраас улс орон даяар нэг өдөр нэгэн зэрэг зохион байгуулах санаачилгыг Г.Дамдинням гишүүний зүгээс дэвшүүллээ.