Жирэмслэлт нь зарим эмэгтэйчүүдийн буйл салстын өвчлөл болон шүд цоорох өвчинг түргэсгэх талтай байдаг Жирэмсэн үеийн дааврын ялгаралт нь буйл, шүдэнд нөлөөлдөг. Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн буйлны хүнд хэлбэрийн үрэвсэл болон тураалтай, дутуу төрөлт хоёрын хооронд холбоо байгааг тогтоогджээ. Дутуу төрсөн хүүхэд тархиндаа гэмтэлтэй, хараа, сонсголын бэрхшээлтэй байх магадлал өндөр байдаг. 100 дутуу төрөлт тутмын 18 нь буйлны хүнд хэлбэрийн үрэвсэлтэй (шүдний тулгуур эдийн өвчин) холбоотой байдаг гэж үздэг. Америкийн шүдний нийгэмлэгийн сэтгүүлд судлаачид буйлны архаг үрэвсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл буйлтай эхчүүдээс дутуу (37 дахь долоо хоногоос өмнө) болон тураалтай хүүхэд төрүүлэх магадлал 4-7 дахин их байдгийг тогтоосон судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Гэхдээ буйлны үрэвслийг эмчлэх нь дутуу төрөх эрсдлийг бууруулдаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Жирэмслэхээс өмнө амны хөндийгөө арчлах
Хэрэв та жирэмслэхээсээ өмнө шүд, буйлаа хангалттай сайн арчлах юм бол жирэмсэн үед шүдний өвчлөл багасна.
Үүний тулд:
- Өдөрт хоёроос доошгүй удаа фтор агуулсан шүдний оо ашиглан шүдээ угаах.
- Өдөрт нэг удаа шүдний завсрын утас, завсрын сойз хэрэглэх.
- Эрүүл хоолны дэглэм барьж, чихэр ихтэй хоол хүнс, ундааг хязгаарлах.
- Тамхинаас татгалзаж, согтууруулах ундааны хэрэглээг багасгах (Жирэмсэн л бол огтууруулах ундаа хэрэглэхгүй байж, тамхинаас үргэлж зайлсхийх хэрэгтэй).
- 612 сар тутамд шүдний эмчийн үзлэгт хамрагдаарай.
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэхээсээ өмнө хийж болох эмчилгээний талаар шүдний эмчээсээ зөвөлгөө аваарай. Жирэмсний үед яаралтай шүдний эмчилгээ шаардлагатай бол дунд гурван сард ажилбарыг хийх нь тохиромжтой.
Хэрэв та жирэмсэн бол шүдний эмчдээ сануулаарай. Ингэсэн тохиолдолд шүдний эмч тань тусламж үйлчилгээг танд болон таны хэвлийд байгаа хүүхдэд аюулгүй байлгах нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Жирэмсний үед үүсдэг амны хөндийн эрүүл мэндийн нийтлэг шалтгаанууд нь:
- Буйл салстын эмгэг
- Бөөлжих
- Амттанд дурлах
- Буйл салстын эмгэг
Буйлны үрэвсэл (буйлны халдвар) - энэ нь жирэмсний 4-6 сард тохиолдох магадлалтай. Шинж тэмдгүүд нь шүд угаах, буйл хавагнах, шүдний завсар цэвэрлэх үед амархан цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Шүдний холбоосын үрэвсэл - шүдний тулгуур эдийн үрэвсэл (буйл, холбоос эд, яс). Энэ нь эмчлэгдээгүй шүд болон буйлны үрэвсэлээс үүдэлтэй бөгөөд шүдээ авахуулад ч хүргэж мэднэ.
Жирэмсний эпулис эсвэл пиоген гранулём - Заримдаа үрэвссэн буйлны эд дээр, ихэвчлэн дээд шүднүүдийн буйлны ойролцоо гүн улаан цэг бүхий том гүвдрүү үүсдэг. Улаан гүвдрүү нь гялалзсан, цус шүүрсэн байх бөгөөд хоол идэх, ярихад хүндрэл учруулж, таагүй мэдрэмж төрүүлдэг. Үүнийг жирэмсний хавдар гэж нэрлэдэг бөгөөд жирэмсний 4-6 сард ихэвчлэн тохиолддог боловч жирэмсний аль ч үед тохиолдож мөн болно.
Жирэмсний үед буйлтай холбоотой асуудал гарсан бол төрөхөөсөө өмнө шүдний эмчид үзүүлэх нь чухал. Жирэмсний даавраас үүдэлтэй буйлны ихэнх төрлийн эмгэг нь төрсний дараа арилдаг ч цөөн тооны эмэгтэйчүүд жирэмсний үеийн буйлны эмгэг даамжирсан байдаг. Хэрэв таны буйлнаас цус гарвал шүдээ угаахаа бүү зогсоо. Зөөлөн үстэй шүдний сойз, фтор агуулсан, цус алдалтын эсрэг шүдний оо хэрэглэж, өдөрт дор хаяж хоёр удаа угаах хэрэгтэй.
Бөөлжих нь шүдийг гэмтээж болно
Жирэмсний гормонууд нь ходоодонд хоол хүнс хадгалж буцаж дээшлэхээс хамгаалдаг булчингийн цагиргийг сулруулдаг. Ходоодны рефлюкс буюу сөөргөө, эсвэл өглөө дотор муухайрахтай холбоотой огиулж бөөлжих нь таны шүдийг ходоодны хүчтэй хүчлээр бүрхдэг. Байнга сөөргөөтөж, бөөлжих нь шүдний гадаргууг (паалан) гэмтээж, шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Хэрэв та бөөлжсөн бол дараах зөвлөмжийг дагаарай.
- Бөөлжсөний дараа шууд шүдээ угаахаас зайлсхий. Шүд нь ходоодны хүчлээр бүрхэгдсэн байдаг тул угаах нь шүдний пааланг зурж гэмтээж болно. Энгийн цоргоны усаар амаа сайтар зайлна.
- Дараа нь фтор агуулсан ам зайлагчийг хэрэглээрэй. Хэрэв танд фтор агуулсан ам зайлагч байхгүй бол фтор агуулсан шүдний оог хуруундаа авч, шүдэндээ түрхээрэй. Усаар сайтар зайлж угаана. Бөөлжсөнөөс хойш 30 минут хүлээгээд шүдээ угаагаарай.
Жирэмсэн үе дэхь хоолны дуршил
Зарим эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа хоолны дуршил нь ихэсдэг. Үүний улмаас амттан идэхийг хүсдэг бол энэ нь шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг бодолцож зайлсхийххэрэгтэй. Үүний оронд аль болох амттан бус хоол идэхийг хичээ. Хэрэв амттанаас өөр зүйл таны хүслийг дарж чадахгүй бол шинэхэн жимс уух гэх мэт илүү эрүүл хүнс сонгохыг хичээ. Зайлшгүй тохиолдолд амттан идсэн бол дараа нь фтор агуулсан ам зайлагчаар амаа зайлж эсвэл шүдээ угаана. Жирэмсэн үедээ кальци болон Д витамины хэрэглээг нэмэгдүүлээрэй.
Эх сурвалж:
https://www.webmd.com/oral-health/dental-care-pregnancy#1
https://www.betterhealth.vic.gov.au/health/healthyliving/pregnancy-and-teeth
Нийтлэлч: Д. Анимаа