Шүдний элэгдэл, эмгэг элэгдэл нь олон шалтгаантай боловч элэгдэл үүсгэдэг нэг гол шалтгаан нь хийжүүлсэн хүчиллэг ундааны хэрэглээ гэдгийг та мэдэх үү?
Сүүлийн үед шүдний салбарын ихэнх судалгаануудад шүдний элэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлс нь уламжлалт хэв шинжээсээ хальж хүн амын амьдралын хэв маягтай уялдан ихсэж байгааг тэмдэглэх болсон байна. Дэлхийн хэмжээнд даяаршлыг дагалдан өмнө нь зөвхөн хөгжингүй орнуудад хэрэглэдэг байсан олон төрлийн хийжүүлсэн ундаанууд бусад улс орнуудад ч чөлөөтэй худалдаалагддаг болсон нь дэлхий нийтээрээ шүдний эмгэг элэгдэл тархах нэг шалтгаан нь болж байна.
Яагаад хүчиллэг ундаа гэж нэрлэх болсон шалтгаан нь энэхүү ундаанууд нь найрлагандаа цитрусын хүчил, аскорбины хүчил, фосфорын хүчил төдийгүй сүүний хүчил агуулдаг. Эдгээр ундаанууд нь амны хөндийн Ph-ийг бууруулсанаар шүдний бүтцийн апаптит талстуудыг кальцийн алдагдалд оруулж эрдэс бодисыг уусгах нөлөө үзүүлдэг байна. Түүнчилэн эдгээр ундаанууд нь шүд шүлснээс эрдэсээ авах үйл ажиллагаанд саад учруулж эрдэсжих боломжгүй болгодог.
Олон нийтийн байнга хэрэглэдэг хийжүүлсэн ундаануудаас гадна спортын зориулалттай ундаанууд ч мөн дээрхийн адил сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байдаг. Зарим төрлийн хийжүүлсэн ус ч өөртөө цитрусын хүчил агуулдаг бөгөөд энэ нь яг coca cola ундааны адил сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүчиллэг ундаа уухдаа залгихын өмнө амаа зайлах нь шүдний элэгдэл үүсгэх үндсэн хүчин зүйл болж өгдөг. Ихэнх спортын ундаа уудаг хүмүүс уухын өмнө түүгээр амаа зайлдаг нь мөн шүдний элэгдэлд нөлөөлдөг байна.
Ундааны хэрэглээтэй холбоотой шүдний элэгдэл үүсгэх гол шалтгаанууд нь:
1. Хийжүүлсэн хүчиилэг ундааны хэрэглээ өндөр байх
2. Залгихын өмнө амаа зайлах
3. Унтахын өмнө хүчиллэг ундаа уух
4. Хүчиллэг ундаа уусны дараа шууд шүдээ угаах