Бруксизм хэмээн мэргэжлийн хувьд нэрлэх шүдээ хавирах эмгэгийг ихэнх тохиолдолд хүн өөртөө үүсээд байгааг мэддэггүй. АНУ-ын хэмээнд л гэхэд энэ эмгэг нь насан хүрэгчид ба хүүхдүүдийг оролцуулаад нийтдээ 30-40 сая хүмүүсийг хамарсан байдаг байна.
Зарим хүмүүс шүдээ зөвхөн унтаж байхдаа хавирах бөгөөд үүнийг “шөнийн шүдээ хавиралт” эсвэл “нойрсолтоос шалтгаалсан шүд хавиралт” гэх мэтээр нэрлэдэг. Гэтэл зарим хүмүүс өдөр ч шүдээ хавирдаг бөгөөд ихэнхдээ сэтгэл санааны цочролд орох, айсан түгшсэн үед энэ эмгэг илэрдэг. Шүд хавирах эмгэгийн хүнд хэлбэр нь шүдний ломбо болон бусад төрлийн нөхөн сэргээлтийг тэсгээхгүй эвдэх бөгөөд бусад ноцтой гэмтэлүүдийг ч шүдэнд учрууж болзошгүй. Хүнд хэлбэрийн шүд хавирах эмгэгийн шалтгаан нь зарим үед эрүү чамархайн үений эмгэг байх ба өглөөгүүр толгой өвдөх, ямар ч шалтгаангүйгээр нүүр орчимоор өвдөх өвдөлт зэрэгтэй хавсран тохиолдно.
Бруксизм нь сэтгэлзүйн болон бие эрхтэн тогтолцооны шалтгаантай байж болно. Ихэнх тохиолдолд шүд хавиралт нь сэтгэлзүйн дарамт стресстэй холбоотой байх боловч зарим үед шүдний хоршилт ба шүдний гажгийн буруу эмчилгээнд бие эрхтний зүгээс өгөх энгийн хариу урвал байдлаар ч илрэх нь бий. Мөн зарим үед тархины хүнд хэлбэрийн гэмтлийн шинж тэмдэг байдлаар илрэхээс гадна эрүү нүүрийг хамарсан мэдрэл булчингийн эмгэгийн шинж тэмдэг байж болно.
Бруксизм нь үүнээс гадна зарим нэг сэтгэцэд нөлөөлөх эмийн сөрөг нөлөөний улмаас тухайлбал сэтгэл гутралын эсрэг эм, fluoxetine (Prozac), sertraline (Zoloft), paroxetine (Paxil) эмүүдийн гаж нөлөө байдлаар илэрнэ.
Шинж тэмдэг
Бруксизмын үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ:
- Тодорхой үечлэлтэй эрүүний булчин гэнэт агших
- Шөнө дунд шүдээ хавирах чимээ гарах
- Өглөөгүүр толгой лугшиж өвдөх
- Зажлуурын булчин өглөөн цагаар зуурсан, өвчин эмзэглэлтэй болсон байх
- Нүүрний орчимын шалтгаангүй архаг өвдөлт
- Гэмтсэн шүд, эвдэрсэн ломбо ба шүдэлбэр, гэмтсэн буйл
Оношилгоо
Бруксизмыг оншилохын тулд шүдний эмч танаас асуумж асууна. Үүнд шүдний ерөнхий эрүүл мэнд болон өдөр тутамдаа хэрэглэдэг эмийн тухай мэдээллийг багтаана. Эмч танаас өдөр тутамдаа спиртийн төрлийн ундаа хэрэглэдэг эсэх, кофейн агуулсан ундааны хэрэглээ зэргийг асуудаг. Учир нь дээрх хоёр төрлийн химийн бодис нь хоёул шүд хавиралтанд нөлөөлдөг.
Хэрэв тантай хамт гэр бүлийн тань хэн нэгэн хамт байгаа бол тэднээс таны унтах хэв маягийн тухай асуухаас гадна шөнө дунд шүд хавирах дуу чимээ гарч байсан эсэх талаар асууна.
Үүний дараа эмч бодит үзлэг хийж амны хөндий ба эрүүний үений байдлыг шинжилнэ. Үзлэгийн явцад шүдний эмч таны зажлуурын булчинг тэмтэрч үзэх ба амны хөндийд ямар нэгэн гэмтсэн шүд, эвдэрсэн ломбо байгаа эсэхийг шалгаж үзнэ. Хэрэв шүдний эмч таны шүдээ хавирах эмгэг нь шүдний гаралтай байж магадгүй гэж үзвэл амны хөндийн шинжилгээг илүү дэлгэрэнгүй хийнэ. Үүний зэрэгцээгээр шүдний зуулт ба бруксизмын улмаас гэмтсэн буйл зэргийг шалгаж үзнэ. Үүний дараа шүдний эгнээ болон эрүү чамархайн үений рентген зураг авч бүтцийг шалгана.
Хэрэв хүүхдэд шүд хавирах эмгэг илрэх юм бол энэ талаар өрхийн эмчтэй зөвлөлдөж зарим тодруулга авна. Хэдийгээр ихэнх хүүхдүүдэд шүд хавирах эмгэг нь аажимдаа засагддаг ч гэсэн богино хугацааны шүдээ хавиралт нь байнгын шүдийг гэмтээх шалтгаан болж болзошгүй тул аюултай.
Үргэлжлэх хугацаа
Ихэнх хүүхдүүд 3-10 насандаа шүдээ хавирдаг. Гэвч тэдгээрийн тал хувь нь 13 хүртэл насандаа аяндаа өөрөө больдог.
Харин өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн бруксизмын үргэлжлэх хугацаа нь түүний юунаас үүссэнээс хамаарна. Хэрэв бруксизм нь амьдралын стрессээс шалтгаалж байвал хэдэн жилээр ч үргэлжилж болно. Хэрэв шүд хавирах эмгэг нь шүдний асуудлаас шалтгаалж байвал шүдний эмч дээр хэд хэдэн удаа очиж шүдний асуудлаа эмчлүүлсэнээр хэвийн болно.
Урьдчилан сэргийлэлт
Хэрэв таны шүдээ хавирах эмгэг сэтгэлзүйн дарамтаас шалтгаалж байвал сэтгэлзүйчид очиж хэрхэн өөрийгөө тайвшруулах талаарх зөвлөгөөг авах нь зүйтэй. Түүнчилэн сэтгэлзүйн шалтгаантай шүд хавирах эмгэгт нөлөөлдөг тамхи ба кофейн агуулсан ундааны хэрэглээг хянах, багасгах хэрэгтэй.
Шүд хавирах эмгэг бүхий насанд хүрэгчид ба хүүхдүүдэд аль алинд нь шүдний гэмтлээс сэргийлэх үр дүнтэй арга нь шөнө унтахдаа шүдний хамгаалалт (bite splint) зүүх явдал юм.
Эмчилгээ
Шүд хавирах эмгэгийг эмчилэх эмчилгээний төлөвлөгөө нь түүний үүссэн шалтгаанаас хамааран өөр хоорондоо ялгаатай байна.
Стрессээс үүсэлтэй шүд хавирах эмгэг – Хэрэв таны шүд хавирах эмгэг стрессээс шалтгаалсан бол юуны өмнө өрхийн эмч болон сэтгэлзүйчид хандан аль болох сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудаас ангижирах, тайвшруулах аргачилалуудыг хэрэглэх нь зөв. Түүнчилэн булчингийн ачааллыг тайвшруулах үйлчилэл бүхий эм ууж шүд хавирсаны улмаас булчинд үүссэн хэт ачааллын спазмыг тайвшруулна.
Хэрэв ердийн аргаар эмчилэх боломжгүй бол шүдний эмч өвчтөнийг нүүр амны мэс заслын эмчид илгээж зажлуурын булчинд тариа хийлгэж булчингийн саажилтыг намжаана.
Шүдний асуудлаас шалтгаалсан шүд хавирах эмгэг - Хэрэв шүд хавирах эмгэг шүдний шалтгаантай бол эмч юуны урьдаар хоршихуй засах эмчилгээ хийнэ. (Гажиг заслын аргаар) Хэрэв шүд хоорондын хоршилт хүнд хэлбэрийн гажигтай бол шүдний эгнээг нэлэнхүйд нь inlay болон бүрээс ашиглаж хоршихуйн иж бүрэн өөрчилөлт хийж засна.
Тархины гэмтэл ба мэдрэл булчингийн эмгэгийн шалтгаант шүд хавиралт – Ийм шалтгаантай шүд хавирах эмгэгийг зөвхөн шүд хавиралт үүднээс засах, эмчилэх маш хүндрэлтэй байдаг. Шинж тэмдэгийн эмчилгээ хийх бөгөөд зажлуурын булчинд тариа хийх замаар хэт хавиралтын улмаас үүссэн булчингийн ачааллыг тайвшруулна.
Эмийн шалтгаантай шүд хавирах эмгэг – Эмийн гаж буруу үйлчилэлийн улмаас шүд хавирах эмгэг үүсч байгаа бол эмчийн зааврын дагуу эмийн бодисыг сольж өгөх нь зүйтэй.
Тавилан
Хэдийгээр тусгай эмчилгээ хийгээгүй ч ихэнх хүүхдүүдийн шүд хавирах эмгэг 13 орчим насанд нь өөрөө аяндаа зүгээр болдог. Гэвч хүүхдийн шүдний хавиралт өөрөө зүгээр болох хүртэл шүд элэгдэлд өртөхөөс сэргийлэн шөнийн хамгаалалт хэрэглэж байх нь зүйтэй. Энэхүү зэмсэг нь маш энгийн бөгөөд бүх хүүхдүүдэд ашиглах боломжтой.
Харин өсвөр насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн хувьд шүд хавиралтын эмчилгээг зөв гүйцэтгэсэн бол маш хурдан эдгэрч хэвийн болдог. Хэрэв бусад эмчилгээ үр нөлөө муутай бол булчинд тариа хийх замаар түр хугацаанд шүд хавиралтыг зогсоож болно.