Чихэр, печень, ундаа, жүүс зэрэг нүүрс ус агуулсан хоол хүнс нь шүд цоорох өвчин үүсгэдэг болохыг судалгаагаар тогтоосон. Ялангуяа эдгээр амттанг ойрхон давтамжтайгаар удаан хугацааны турш хэрэглэвэл шүд цоорох өвчин үүсгэх шалтгаан болж өгнө. Учир нь таны хүүхдийн амны хөндийд байгаа цоорол үүсгэгч нян бактериуд эдгээр нүүрс усны төрлийн бүтээгдхүүнүүдээр хооллож хүчиллэг бүтээгдэхүүн ялгаруулах бөгөөд эдгээр хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээн шүдний эрдсийг алдагдуулсанаар шүдний гадаргууд цоорол үүсдэг. Ууталж савласан бэлэн бүтээгдэхүүнүүд тухайлбал амтат жигнэмэг, шарсан төмс зэрэг нь их хэмжээний нүүрс ус агуулдаг. Иймд савласан бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөхийн өмнө тухайн бүтээгдэхүүний баглаа боодол дээрх орц нормыг харах хэрэгтэй. Нүүрс ус болон сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Гэхдээ нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг бүгдийг хүүхдэдээ идүүлэхэс татгалзана гэдэг бол тийм ч амархан хэрэгжих зүйл биш тул шүдний мэргэжилтнүүд шүд цоорох өвчинөөс сэргийлэх дараах санамжийг гаргасан байна.
- Хүүхдээ нүүрс ус болон чихэр бага агуулсан кальци болон бусад ашигтай бүтээгдэхүүнүүд агуулсан хүнсэнд дуртай болгох хэрэгтэй
- Болж өгвөл эрүүл амттан буюу жимс, сүүн төрлийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх
- Болж өгвөл шинэ жимс хүнсний ногоогоор хоол хийж өгөх, бор мах, бүдүүн ширхэгтэй гурилан бүтээгдэхүүн өгөх
- Газтай ундаа, жүүс, чихэр, шоколад амттаны хэрглээг нь хязгаарлаж тодорхой хоногийн тодорхой цагт идүүлэх гэх мэт
Хүүхдийнхээ шүдийг өглөө оройд өөрөө угааж цэвэрлэж өгөхийн зэрэгцээ хяналт тавьж байх хэрэгтэй. Эрүүл хоол хүнсэнд хамаардаг олон төрлийн бүтээгдэхүүнүүд чихэрийн өндөр агууламжтай байдаг гэдгийг мэдэж байх нь чухал. Талх, гоймон, жигнэмэг зэрэг цардуул агуулсан бүтээгдэхүүнүүд, зарим жимс, сүү, сүүн төрлийн (хөхний сүү ч хамаарна) бүтээгдэхүүнүүд цэвэрлэхгүй л бол хүүхдийн амны хөндийд өнгөр үүсгэж нян бактер үржих таатай орчин болдог гэдгийг ямагт санах хэрэгтэй.
Нэг зайлшгүй чухал анхаарах зүйл нь хүүхэд тань эрүүл хоол хүнс хэрэглэдэг ч тэр нь заавал амны ариун цэвэр сахих ажилбартай хавсарч байж л хүүхдийн шүд эрүүл байна. Иймд цаг тухай бүрт нь зааврын лагуу хүүхдийнхээ шүдийг угааж өгөх, шүдний завсрыг нь цэвэрлэх, тогтмол амны хөндийг нь хянаж шалгаж байх нь чухал. Өдөр тутам амны ариун цэврийг чанд сахих нь шүд цоорох өвчнөө сэргийлэх хамгийн гарын дор хялбар бөгөөд зөв арга зам юм шүү.