Төмрийн бэлдмэл, витаминууд нь шүдний өнгийг өөрчилдөг үү?
Төмөр
Төмөр нь хүний биеийн бүхий л эрхтэн төдийгүй шүдний паалан, тугалмай, шүдний зөөлц зэрэг бүх амьд эдэд агуулагддаг . Төмрийн дутагдал нь дэлхийн хүн амд тохиолддог хамгийн түгээмэл эрдсийн дутагдлын нэг юм. Төмрийн дутагдал нь бие махбодид төмрийн солилцоо хийх чадварын доголдлоос үүдэлтэй байх ба хамгийн түгээмэл шалтгаан нь хоолонд агуулагдах төмрийн хэмжээ зохистой хэмжээнээс бага байгаа байдал бөгөөд төмөр (төмрийн давс) агуулсан хүнс , нэмэлт витаминаар эмчлэх боломжтой байдаг. Төмрийн бэлдмэл нь ихэвчлэн фолийн хүчил , В12 витаминаар баяжуулсан эмэн эсвэл сироп хэлбэрээр байдаг
Шүдэн дээр үүссэн толбо
Аж үйлдвэрийн хувьсгалын үед томоохон төмрийн цутгах үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн шүдэнд төмрөөс үүдэлтэй өвөрмөц хар хүрэн өнгийн толбо үүссэн байсан бөгөөд амьсгалах явцад амны хөндийд орсон төмрийн өндөр концентрацид өртөх нь төмрийн ажилчдын шүдэнд мэдэгдэхүйц хар хүрэн толбо үүсэхэд хүргэсэн байна.
Сүүлийн үед төмөр агуулсан сироп, дусаалга болон бусад бэлдмэлүүдийг шүдэндээ хүргэж хэрэглэснээр шүдний өнгө өөрчлөгдсөн зовиурууд шүдний эмнэлгүүдэд цөөн бус тоотой ирж байна.
Төмрийн сульфид нь шүдний паалангийн эдтэй холбогдож нягт хар хүрэн өнгийн толбыг үүсгэдэг бөгөөд энэ нь арилгахад хэцүү толбо байдаг.Төмрөөс үүдэлтэй толбо нь ихэвчлэн эрүү хоншоорын шүдний дотор талаар, шүднүүдийн хүзүүвч, төрөлхийн ховил хонхорын дагуу үүсэн байдаг.
Төмрийн бэлдмэлийг зажилж уух үед шүдний өнгө өөрчлөгддөг
Төмрийн бэлдмэлийг зажилж уухад буйл болон шүдний өнгөртэй хэсэгт түр зуурын өнгөний өөрчлөлт өгч болох бөгөөд энэ нь шүдийг угаах үед арилдаг. Учир нь төмрийн сульфид нь төмрийн бэлдмэлийн химийн уусдаггүй хэлбэр бөгөөд буйлны хүзүүний шингэн болон өнгөр дэх бактерийн устөрөгчийн сульфидтэй харилцан үйлчилж (ион хэлбэрээр) төмрийн толбо үүсгэдэг байна .
Урьдчилан сэргийлэх
Хэрвээ та, эсвэл таны хүүхэд шингэн хэлбэрийн төмрийн бэлдмэл хэрэглэж байгаа бол тухайн бэлдмэлээ амандаа удаан байлгахгүй , зажилж уухгүй байж , улаан лоолийн шүүс зэрэг ногооны шүүсээр шингэлж уух, соруул хэрэглэх аргыг хэрэглэж болно.
Эмнэлгийн нөхцөлд хэрхэн арилгаж болох вэ?
Мэдээж хамгийн зөв сонголт нь эхлээд шүдний эмнэлэгт үзүүлж зөвлөгөө аван шүдний өнгөлгөө цэвэрлэгээ хийлгэх нь зөв юм. Гэхдээ энэхүү толбо нь тэр даруйдаа арилгахад хэцүү учир яваандаа шүд угаалтаар бүдгэрч, арилдаг байна.
Гэрийн нөхцөлд хэрхэн арилгаж болох вэ?
Хүнсэнд хэрэглэдэг хүнсний сод нь толбон дахь төмрийн сульфидыг саармагжуулж бүдгэрүүлдэг. Хүнсний содын тусламжтайгаар энэхүү толбыг арилгаж болдог гэсэн судалгаа байгаа хэдий ч үр дүн тийм ч сайн биш юм. Шүдээ угаасныхаа дараа бага хэмжээний хүнсний содыг сойзон дээрээ тавьж шүдээ угаана ба хэрвээ таны шүдэнд дээрхтэй адилхан төмрөөс үүдэлтэй толбо үүссэн бол энэхүү аргыг туршаад үзээрэй.
Эх сурвалж:
https://www.jppcm.org/article/2020/6/2/29-30 https://www.activeiron.com/blog/iron-supplements-tooth-staining-protect-your-smile/